Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хэдэн сая энэтхэг, филипин, мексик, болон бусад ядуу, хөгжиж буй орны ард иргэд эх орноо, гэр бүлээ орхин орхин гадаадад ажил хийж ард үлдсэн ар гэр, улс орноо тэтгэдэг. Үүнийг remittance мөнгө гуйвуулга гэж нэрлэдэг бөгөөд өнгөрсөн жил дэлхий хэмжээнд $554 тэрбум долларыг гадаадын ажилчид эх орон уруугаа явуулжээ. Дэлхий банкнаас мэдээлснээр энэ нь эдгээр ядуу, хөгжиж буй орнуудад орж ирдэг бүх гадаадын хөрөнгө оруулалтаас давж байгаа төдийгүй орж ирдэг гадаадын туслалцаанаас нь даруй 3 дахин их аж. Дэлхий хэмжээнд олон сая хүний, түүний дотор олон монголчуудын хоол унд, бензин тос, байр, машины зээл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрүүд үүгээр төлөгддөг.

Доор мөнгө гуйвуулгын хэмжээ нь зарим орнуудын ДНБ-д эзлэх хувийг харуулсан графикийг оруулав. Цар тахлаас болж гадаадад амьдардаг хүмүүсийн орлого багасмагц эх орондоо явуулах мөнгө нь багасдагаас тухайн орны эдийн засаг нөлөөллийг нь амсч эхэлж байна гэж WSJ-д бичжээ.

Монголын хувьд олж харсан тоо баримт бол Монгол банк, Чех улсын Монголчуудын холбоо хамтарч хийсэн судалгаан дээр гадаад дахь монголчуудын гуйвуулсан мөнгөний хэмжээ 2012 онд (зургаас хараарай) ДНБ-ийн бараг 12%-д хүрсэн харагдаж байна. Мөн тэнд ажиллаж байгаа 5000 гаруй иргэдийг оролцуулан 2012 онд хийсэн судалгаагаар нэг хүн дунджаар жилд $2041, 2012 оны байдлаар 4.6 сая доллар эх орон уруугаа илгээсэн гэж нарийвчлан тооцжээ. 5 мянгахан хүмүүс 4.6 саяыг явуулсан гээд боддоо.

"Албан мэдээнээс үзвэл 2010 оны байдлаар 107 мянган иргэн буюу Монгол Улсын нийт хүн амын 3.7% нь гадаадад оршин сууж байгаа статистик үзүүлэлттэй байна. Гэвч Хил хамгаалах ерөнхий газрын судалгаанд үндэслэн 1990 оноос хойш Монгол иргэдийн улсын хилээр орж, гарсан тоон өгөгдлийн зөрүүгээр тооцвол өссөн дүнгээр 338 мянга гаруй иргэд гадаад улсад оршин сууж байгаа дүн гарч байна." гэжээ.

Бяцхан тооцоо хийж үзье. Эдгээрээс 100 мянган нь өрх байна гэж үзээд жилд дунджаар цагаан сар, шинэ жил, дүүгийн хурим найр, ээжийн эмнэлгийн зардал гээд төрийг ачааллаас нь хөнгөлж туслалцаа болгож тус бүрдээ $500 явуулсан (аав ээж, элгэн саднаа гэдэг бидний монголчууд мэдээж үүнээс хамаагүй ихийг явуулж байгаа) гэж бодъё. Тэгээд долларын ханшийг 2500 гэж тооцоод тэгээд 2019 оны ДНБ 2.5 их наяд төгрөгийн хэдэн хувь болж байгааг гар утасныхаа тооны машинаар тооцоолж харвал (хэ хэ, нарийн тооцоолоогүй гэсэн үг) 5% болж байна. Дээр нь монголын банк уруу зүгээр л орж ирж байгаа тэдний хадгаламж, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл, худалдаж авч байгаа байр саванд оруулсан мөнгийг тооцвол хөнгөхөн 15% болчих шинжтэй.

Өөрөөр хэлбэл эдгээр зүгээр орж ирж байгаа (монголд байгаа иргэд ямар нэгэн хөдөлмөр, үйлчилгээ зарцуулаагүй гэсэн үг) мөнгө монголын эдийн засгийн салшгүй хэсэг болон эргэлдэж нийт иргэдэд, түүний дотор өөрсдөө гадаадад амьдардаг төрөл садангүй хүн нь ч гэсэн үр ашгиас нь хүртэж амьдарч байгаа гэсэн үг билээ. Наад зах нь явуулдаг мөнгө багасмагц долларын ханш өсч орхиж байгаа биз. Бүх юм холбоотой гэж.

Энэ тэндгүй эдийн засаг хэцүүхэн болмогц өөрсдөө тийм сайнгүй байсан нь ч бид уугуул нутаг уруугаа явуулдаг мөнгөө нэмэхээс хасдаггүй билээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу