Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын өдөр замд гарч раажав хүүтэй нөхөрлөлгүй, ойр зуурын ажлаа амжуулж, гэрт бодол сэтгэлээ амрааж, хааяа зурагт харсан шиг өнгөрөөв. Ямартай ч ирэх нэгдэх өдрөөс 48 мужид бизнес нээгдэх юм байна. Шинжилгээний асуудал хангалттай биш болохоор хоорондын зайгаа барьж, халдвар авахгүйн төлөө голио азаа үзэх цаг иржээ. Трамп Ерөнхийлөгчийн өчигдрийн мэдэгдлээр бол оноос өмнө корона вирусын вакцинтай болж амжих юм байна. Хэрвээ тэр амны бэлгэ биелэлээ олбол түүн шиг сайн хэрэг юу байх билээ. Олон эрдэмтний санал санаачлагыг харгалзаж үзээд ортой үг хэлж буй хэмээн итгэнэм.

Ойрд үзээгүй Оросын суваг жаал харлаа. Цар тахлын халдвар 262 мянга давсан ч өвчин нь хүндэрч, нас барагсдын тоо 2400 орчим буй гэнэ. Оросын Холбооны Улс цар тахалтай тэмцэхэд бүх боломжоо дайчлан ажиллаж буй ажээ. Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгугийн удирлага дор долоо хоногийн дотор Орос орон даяар цар тахлын эмчилгээнд зориулсан 16 том эмнэлгийг (медицентер) бариад, ашиглалтанд оруулахаар хүлээлгээд өгчихсөн, дотно гаднахгүй үзүүлж харуулж байна. Мөнгөтэй, чадалтай, газар нутагтай улс гэдэг цаанаа нэг өөр байна. Удирдлага нэг хүний гарт, угаасаа эх оронч сэтгэлгээтэй ард түмэн маш хурдан шуурхай ажиллаж буй харагдав. Путин Ерөнхийлөгч тусгай шийдвэр гаргаж эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмж, тэдэнд урам хайрлаж байна. Чадалтай том орон юм хойно цар тахлын ард бага хохирлоор гарна биз ээ. Оросууд корона вирусын вакцин хийчихээд, туршаад эхэлсэн байна.

Япон зурагт харлаа. 16 мянган халдвартай, 900 орчим эндэгдэлтэй байна. Маш нарийн зохион байгуулалттай тэмцэж ирсний үр дүн нь энэ юм. Олимпд зориулан барьж байсан бүх цогцолборуудаа гүйцэтгэлийн 70-80%-тай байхад нь тас зогсоосон байна. Асуудалд хэрхэн уян хатан ханддаг төртэй улс гэдэг нь эндээс харагдана. Харин манайд эрсдлийн ямарч тооцоогүй байгаа нь илт харагдаж, сонгуулийн хийрхлээ өчигдөр эхэлчихлээ. Сонгуулийн үеэр цар тахлын хяналтаа алдчихвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Ерөнхийлөгч үү? Их Хурал уу? Ерөнхий сайд уу? Эртнээс буух эзэнтэй, буцах мөртэй байх нь дээр болов уу?

Манай үүгээр дулаарсан болохоор хүмүүс ичээнээсээ гарч, алхах гүйх нь элбэгшжээ. Цагаан хүмүүс бараг амны хаалтгүй харагдана. Трамп Ерөнхийлөгч амны хаалт зүүхгүй байхад тэднийг шүүмжлэн хэлэх нь илүүц биз ээ. Зайгаа барих, олны газар ойртохгүй байх л өөрийгөө, гэр бүлээ халдвараас хамгаалах хамгийн сайн арга болон тунаж үлдлээ. Гэртээ хоол хүнстэй, машиндаа бензинтэй, сэтгэлдээ хямралыг давж туулна гэсэн итгэлтэй явахад болно биз ээ. Амралтын өдөр дэмий чалчиж, таны үнэтэй цагаас хумслахгүйн тулд тэмдэглэлээ ингээд өндөрлөе. Сайн амарч, сайхан эрч хүч аваарай.

Ш.Баатар
2020.5.16

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу