Миний чөлөөт цагаа өнгөрөөх дуртай Стэнфордын нийгмийн ухааны Грийн номын сан

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гэрийн хорио аажмаар тавигдаж эхлэхээр олон бизнес нээгдэж, халсан хүмүүсээ ажилд эргүүлэн авч байна. Хэрвээ ажилдаа буцаж орсон бол тэр өдрөөсөө эхлэн ажилгүйдлийн тэтгэлгийн мөнгөө авахаа зогсоох журамтай ажээ. Цар тахалд халдах магадлал бүхий ахмад ажилчдыг байдал намжтал ажилдаа эргэж орохоо хүлээсэн нь дээр хэмээн зөвлөж байна. Энэ бол халдварын эрсдлийг сааруулах гэсэн бас нэг арга юм. Нэгэнт хүмүүс ажилдаа ороод эхлэхээр хүүхэд харах хүн хайх, цэцэрлэг, яслийг хэрхэн яаж халдвар дамжуулахааргүй ажиллуулах вэ? гэсэн бас тулгамдсан асуудал үүсэж байна. Цар тахлын халдварыг тогтоох түргэвчилсэн шинжилгээний газрыг улам олшруулах хэрэгцээ үүнтэй холбогдон гарч байна. Гэвч манай мужид ийм боломж тун хязгаарлагдмал байна хэмээн хотын дарга мэдэгдэв.

Калифорни мужийн шоронгуудад цар тахлын халдвар улам нэмэгдэж, нэлээд олон хоригдол өвчилж үхжээ. Сан Фернардино, Сан Антониогийн шоронгийн хоригдлуудын тэн хагас нь, хуягуудын олонх нь корона вирусын халдвар авсан тул настай хоригдлуудыг ял харгалзахгүйгээр аль болох чөлөөнд гаргах бодлого барьж байна. Шүүх хурлууд хойшилсноос болж түр саатуулах газруудын ачаалал ихсэж, тэнд мөн халдвар авах нөхцөл байдал үүссэн гэнэ. Хүмүүсийн ажилгүйдэл, ядуурлаас болж, хулгай дээрмийн хэрэг ихэсжээ. Хотын захиргааны орчимд гэр оронгүй хүмүүс улам олширч, ил задгай хүндэрч хөнгөрч орчин тойрноо улам бохир болгож буй тул Сан Франциско хотын дарга Лондон Брийдийг ажлаа муу хийлээ гэж үзээд, шүүхдэх тохиолдол гарсан байна. Энэ мэт элдэв зөрчил улам гаарах янзтай болов. Манайхан энд тэнд ганц нэгээрээ явахдаа тун болгоомжтой байгаарай. Хуучны сайхан амар тайван байдал алга болсныг цаг ямагт санах хэрэгтэй.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн яриаг сайтар анхаарч сонслоо. Энэ албан тушаал дээр буй хүн бол Америкийн гадаад бодлогыг тодорхойлдог чухал байр суурьтай байдаг. Өмнө нь арабын ертөнцөд "эм могой" гэж алдаршсан Маделеин Оллбрайт, төмөр хатагтай Гондолиза Райс, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Хиллари Клинтон зэрэг алдартай хүмүүс байсныг санаж буй биз ээ. Помпеогийн ярьснаар Америкийн гадаад бодлого улам хатуурах юм гэнэ. Хятадын коммунистуудыг давраахгүйн тулд Тайванийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг цаашид хүчтэй дэмжинэ, Хонконгийн автономийг сэргээхийн тулд Хятадын засгийн газарт шахалт учруулна гэж хэлэв. Эдгээр бодлогыг Английн тал дэмжиж буйгаа түүнд илэрхийлсэн гэнэ. Америкийг дотоод асуудалтайгаа орооцолдон анхаарал сулрах энэ үед өндөлзөж буй лалын даврангуй үзэлтнүүдтэй хатуу тэмцэнэ, тэр бүү тэдний хэт бүдүүлэг зан үйлийг хорих үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэв. Бурангуй зан үйлд нь охин хүүхдийн бэлэг эрхтний хэлүүг хусаж, хурцлын мэдрэмжгүй болгодог ёс ордог ажээ. Энэ бүгдээс харахад Америк улс гадааддаа бол хөнжилдөөн орох завгүй хөнөөлдөн тэмцэхэд бэлэн байна.

Овтой сэргэлэн наймаачид газрын тосыг Дундад дорнодод хямдхан аваад дарчихсан, одоо сиймхий тааруулж байгаад Америкт оруулж ирэхийг зэхэж буй ажээ. Трамп Ерөнхийлөгч тэгж дарсан газрын тосыг оруулж ирэхгүй байх хориг тавив. Ингэснээр дотоодын газрын тосны үйлдвэрүүдээ хамгаалах ажээ. Өөрөө газрын тосны бизнест хутгалдсан Трамп Ерөнхийлөгч ийм тууштай бодлого явуулж буйд холбогдох мэргэжилтнүүд гайхаж, үүнийг ариун явдал хэмээн үзэж буй гэнэ. Хятадаас Европын холбоо болоод Америкт нийлүүлсэн маск болоод хувийн хамгаалалтын хэрэгслийг (PPE) чанарын маш муу түвшинд үйлдвэрлэсэн тул буцаах хэрэгтэй хэмээн үзэж байна. Энэ мэт олон учир явдал Америкийн гадаад худалдаанд гарч байна.

Хорио цээр тавигдахаар хоорондын зайгаа сайн барьж, маскаа заавал зүүж, аль болох олон хүнтэй газраас дөлж явахыг монголчуудаасаа хүсэж байна. Санаа сэтгэл өөдрөг, сайтар хичээж явбаас сайн цаг удахгүй ирнэ. Өвчин зовлонгүй байхын өлзий хутаг орших болтугай.

Ш.Баатар
2020.5.7

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу