Цагийн сайхан, цагаан идээний элбэгд Стэнфордоор ингэж зугаалдаг байв

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хурдны зам дээр хөнгөн тэрэг олширч, гэрийн хорио суларсан аятай болов. Хориг тавигдах хаа байсан цагт шүү. Өнгөрсөн бүтэн сайн өдөр манайхаас урагшаа 80 км зайнд орших Сан Хозе хотод мексик, латин хүмүүс шашны үүдэлтэй нэг том баяр тэмдэглэж, 10 гаруй мянган хүн зөвшөөрөлгүй нэг дор цуглаад авчээ. Цагдаа нар халдвар авахаас айгаад дотор нь орж тарааж чадаагүй, буянаараа болог гээд зөнд нь орхисон тухайгаа ярьж байна. Амны хаалгүй олон хүн цугларсан нь энд тэндэхийн камерт өртөж, муж ба хотын дарга нарыг хилэгнүүлээд авчээ. "Хөл хорионы үед ингэж олноороо цуглаж, өөрийгөө болон өрөөлийг халдвар авах эрсдэлд яагаад оруулж байна?" гэсэн сурвалжлагчийн асуултанд нэг хүн "Энэ бол маш чухал баяр, бид заавал тэмдэглэх учиртай юм. Бурхан ивээгээд халдвар авахгүй гэж би бодож байна. Хэрвээ бурхан таалбал үхэхэд ч гомдолгүй" гэх мэтээр тохуурхах аястай хариулж байв. Бөх зүрхтэй бүдүүн зоригтой, амиа хайхардаггүй аймаар амьтад юм аа. Уг нь латин хүмүүсийн халдвар өндөр хэвээрээ байна гэсэн түгшүүрийн дохио яваад байсан. Түүнийг ч хэрэгсэж буй юм алга даа. Тэднийг нээрээ бурхан өршөөг!

Америкчууд бусад том орнууд цар тахлын халдварыг хэрхэн тогтоон барьж буй тухай раажаваар овоо олон юм ярьж байна. Уг нь Хятад энэ тал дээр тун сайн ажилласан боловч тэднийг ер жишээ болгож дурдахгүй юм. Хятадуудад голдоо ортол гомдсон бололтой доо. Энэтхэгийг их сайн жишээлж байна. Энэтхэг улс улаан, шар ногоон 3 ангиллын гэрийн хориогоо ахиад 14 хоног сунгасан ажээ. Олон сая зуун ядуу хүнтэй Жагарын орон хүнсний асуудал дээр нэлээд хүндэрч иржээ. Дахиж олон хоног хориогоо сунгах ямар ч боломжгүй гэнэ. Эрүүл мэндийн системийн тогтолцоо муутай Энэтхэг улс хяналтаа нэг алдвал айхтар хэцүүдэх талаар их ярьж байна. Бусдын сул талыг ярьж өөрийгөө тайвшруулах нэгэн арчаагүй арга байна. Одоо яая гэх вэ.

Америкт 5 хүүхдийн нэг нь хагас өлсгөлөнгийн шинжтэй болсон гэнэ. Хууль бус цагаачдаас төрсөн 1 сая америк хүүхэд 500$-ын хишгээ авч чадахгүй байна. Тэдний эцэг нь нийгмийн даатгалын дугааргүй, татвар бодож явуулдаггүй, шимэгч маягаар амьлардаг учир төрөөс хүртээсэн хишгээс хүүхэд нь авч чадахгүй гацчихсан гэнэ. Манай мужийн захирагч Гэйвн Ньюсом хууль бус иргэдэд ашгийн бус байгууллгаар дамжуулан 500$ нэг удаа тараахад зориулан 120 сая доллар бэлдсэн боловч үндсэн хуульд харш гэж үзээд эсэргүүцэж буй байгууллагууд, хуульчид олширч, саад тотгор хийсээр байгаа гэнэ. Цар тахлын гамшгийг даван туулахад зориулсан тэтгэлэг, зээлийг чадалтай нөхөд нь дээгүүрээ булаалдаж аваад алга болж буй сурагтай байна. Тэднийг мөн бурхан өршөө! Үүнийг л ёстой дайны хажуугаар дажин гэж хэлнэ байх.

Үбер, Лийфт зэрэг үйлчилгээний компаниудыг гэрээний ажилчдын ангиллыг завсардуулж, олон арван мянган хүнийг тэтгэлэг ч олгоогүй, улсын тэтгэлэгт ч хамруулалгүй хөсөртхаясан гэж үзээд, бүлэг хуульчид шүүхдэж эхэлсэн байна. Сайн анхаарч байвал монголчуудад маань хишиг алдах нь байна. Эдгээр компаниудыг такси, лимузингийн бизнесийг хууль бусаар булааж, дандаа зальхай арга хэрэглэж хөлжсөн, ажилчдынхаа дотоод нөхцөлд анхаардаггүй, ажлын байранд бэлгийн дарамттай гэх мэт хэл ам тасардаггүй явж ирсэн, үйл ажиллагааг нь хаалгах гэж олон хүн тэмцэж ирсэн түүхтэй юм байна. Хазайсан дээр нь түлхэх санаатай нь бас л их байдаг юм байна. Энэ мэт тамын тогоо хаа саагүй даргилсаар байна.

Орост цар тахлын халдар өдөрт 1 түм давж буй нь монголчуудын хувьд том аюулын харанга дэлдэж буй хэрэг. Манайх хойд бүх хилээ нарийн чанад хянах, жолооч нарын орж ирэхийг ч хязгаарламаар болжээ. Төр засгаас хийж ирсэн нөр их ажлыг талаар болгохгүйн тулд хүн бүр илүү их хичээх цаг ирсэн байна шүү. Монголын зочид буудлууд гаднаас ирэх монголчуудаа хүлээн авахад бэлэн байна гэж зарласан сайхан мэдээ чих мялаав. Хэрвээ тийм бол зөвхөн МИАТ-ын онгоцоор хязгаарахгүй, гадаад орнуудаас тусгай нислэг хүсэж болдоггүй юм уу? Америк, Солонгос бол гадаадынхныг аль болох явуулах бодлого барьж байна. Нэрийн хор нэг хоёр сая долларын тусламж авч байснаас оронд нь хэдэн онгоц буулгах боломж хайвал сайн л байна.

Цар тахлын цөвүүн цагт хүн хүнээ хайрлах, өөр хоорондоо туслах, өрөөл бусдад урам өгөх шиг нандин зүйл алга байна шүү. Бүгдээрээ бүтэн амгалан, элгээрээ энх мэнд суухын ерөөл тавья.

Ш.Баатар
2020.5.6

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу