Жижиг хорвоо гэсэн зүйл ТУНА веб сайтын бэта хувилбарт оруулсан байгааг энд тайлбарлах гэж оролдъё. Байгаль дэлхийн бодит системээс аваад фэйсбүүк хэмээх хийсвэр ертөнц хүртэл, Интернэтээс аваад санхүүгийн даяарчлагдсан зах зээл хүртэлх бүх төрлийн нэтворкт (сүлжээ) “Small-world property” (жижиг-хорвоогийн шинж) хэмээх ойлголт байдгаас энэхүү санааг авсан бөлгөө.

Iloveyou хэмээх вирус компьютерын ертөнцөд өнөөг хүртэл хамгийн их тархсан халдлагуудын нэг юм. 2000 оны таван сараас эхлээд дэлхий даяар хэдэн арван сая компьютерыг дамжиж хэдэн тэрбум еврогийн зардал гарч, илрүүлэх, урьдчилан сэргийлэхээс илүүтэй устгах арилгахад хамаг хөрөнгө зарцуулагджээ. Жирийн нэг имэйлд дурлалын захидал хавсарсан мэтээр ирдэг тун энгийн. Хавсарсан файлыг нээхээр тухайн компьютерыг өвчлүүлж тэнд хадгалагдсан бусад бүх имэйлийн хаягууд уруу өөрийгөө илгээнэ. Тун цөөхөн ийм явдал болоход вирус санаанд оромгүй олон тооны компьютерт хүрчихдэг. Цаг хугацаа орон зайн хувьд хоорондоо алс хол орших төхөөрөмжүүд ийнхүү хоорондоо гинжин холбоотой болж үүнийг “Энэ бол жижигхээн ертөнц!” хэмээнэ.

Амьдрал дээр энэхүү жижиг-хорвоогийн шинж нь Милгрэмийн хийсэн туршилтын үр дүн гэж үздэг юм байна. Интернэтэд сүлжээний холбогч зам заадаг хэдэн зуун мянган төхөөрөмж байдаг боловч мэдээлэл нэг цэгээс нөгөөд хүрэхэд хамгийн ихдээ арван зам заагчаар дамждаг. Хэдэн ч мянган километрийн зайтай бай алс холын зайнаас огт хамаарахгүй харин холболтын тооноос хамаарах бөгөөд энэ нь үргэлж хэдхэн цэгээр холбогдоно. Мэдээлэл маш хурдтай тарж буйн учир үүнд юм. Интернэтийн талаар өөр нэгэн жишээ дурдвал, тэнд хэдэн олон сая живаа веб хуудас байгаа боловч судлаачдын тогтоосноор нэг хуудаснаас дурын хуудаст шилжихэд хамгийн ихдээ 20 удаа хулганаа тогшиход хангалттай гэнэ. Мөн улс хоорондын экспорт импортын тээврийн сүлжээнд хоёроос олон шугамаар зааглагдсан хоёр улс олох боломжгүй.

Жижиг-хорвоо ойлголтыг шинжлэх ухаанчаар тодорхойлбол аливаа хоёр цэгийн хоорондох зайн (цэгүүдийг холбох хамгийн дөт зам) дундаж их богино. С.Баяр сайд саяхан өгсөн нэгэн ярилцлагад “гар барих алслал” хэмээх үзүүлэлтээр өөрөө Сталинаас гурав, Ленин, Черчилль, Рузвельт нараас дөрөвхөн гар барих зайд байснаа дурссан нь сонирхолтой жишээ. Мөн линкэдин дансаа анзаараарай, өөрийн тань танилаар дамжсан хүний тоо тухайн тооноос хамаарч зэрэгт дэвшүүлэх илтгэгчийн функц мэт эрс өссөнийг анзаарч болно. Өөрөөр тайлбарлавал сүлжээнд шинээр хэчнээн цэг нэмсэн ч цэгүүдийн хоорондох дундаж зай өсөхгүй хэмээн (бараг илүү шинжлэх ухаанчаар) жижиг-хорвоо ойлголтыг тайлбарладаг ажээ.

Социализмын үед олон монгол оюутан ЗХУ-д суралцаж тэд галт тэргээр сургуульдаа аялдаг байв. Тэгээд хэд хоног цугтаа галт тэргэнд авахдаа шинээр танилцсан хүмүүс ердөө гурваас дөрвөн хүнийг таних уу хэмээн асуусны дараа нэг бол хамаатан, нэг бол биеэ биедээ итгэж болохоор найзууд болдог байсан нь энэхүү жижиг-хорвоо үзүүлэлтийн жишээ юм.

Жижиг-хорвоо үзүүлэлтэд суурилсан цасан нурлагын нөлөө хэмээх ойлголт бий. Тодруулбал, маш жижгээс эхлээд өөрийгөө өсгөн байгуулж том хэмжээтэй болдог, заримдаа аюултай тэр бүү хэл ослын хэмжээнд хүрэхээр өсдөг. Нөгөө талаас үр ашигтайгаар түргэн өсөж болно.

Америкт мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн тоо зуу давлаа хэмээн хэлж ярих боловч яг тоолчихсон тохиолдол үгүй, оролдсон нь бүтэлгүйхэн овоо удав. Ингээд гурван залуу фэйсбүүкээр групп мэссэж бичиж байгаад өөрсдийн мэдэх нэгнийг нэмээд нэмэгдсэн хүмүүс цааш нь өөрсдийн мэдэх хүмүүсийг нэмтэл ердөө дөрвөн минутад 40 хүн тоолж улмаар 3-4 хоногт 150 гаран мэргэжил нэгт монголчуудын групп үүсэн нь цасан нурлага аргыг хэрэглэн жижиг-хорвоо үзүүлэлтийг харуулсан нэг жишээ боллоо.

...

Өмнө өгүүлсэн зарчим, онол, ойлголтууд өнөө цагт бид бүгд шагшин гайхаж буй сошиал ертөнцийн хуулиуд юм. Монголчуудын хувьд нэн түгээмэл болоод буй нүүр ном, жиргээ зэрэг сошиал медиа нь гайхамшигтай, гэнэтийн санамсаргүй, тохиолдлын хэрэг огтоос биш бөгөөд ардаа онолтой, хөгжлийн системтэй болохыг тайлбарлах гэж ийн оролдов.

Цахим Өртөө гадаадад буй Монголчуудын нэгэн төрлийн танилын хүрээ, сошиал сүлжээ мөн тул үйл ажиллагаандаа, зохион байгуулалтдаа, хүсэн мөрөөдөж буй зорилгод хүргэх төслүүддээ, гишүүд болон хүрээлэн буй бусад хүмүүст хүрч нөлөөлж байх гэх мэт өргөн олон утгаар “Жижиг-хорвоо” үзүүлэлтийг олж харж хэрэгжүүлэх нь бидний бусдаас ялгарах нэг зүйл хэмээн сэтгэсэн болой.