309-р сар2014

Бүлэг: Өгүүлэл

Тэнгисийн баян бүрдэд хэдэн хором зочилсон тэмдэглэл.

Хүмүүн төрлөхтний түүхэнд хамгийн аврага томд тооцогдох аяллын хөлөг онгоц “Oasis of the Seas” хоёр жилийн турш дуншин байж 2009 оны 10 сарын сүүлийн хагаст мэндэлсэн билээ. Уг хөлөг онгоцыг өлгийдөж авсан нутаг нь Финланд орон, ундаалж угаасан ус нь тус улсын баруун өмнөд буланд орших Турку хотын далайн эрэг болой. Энэхүү эрэгт яг нэг жилийн өмнө дэлхийн хамгийн том хөлөг онгоцыг мөн л бүтээж Норвег улсад хүлээлгэн өгсөн бол энэ удаагийн хамгийн том хөлөг онгоц АНУ-ын зүг дөрөөгөө мялаалган хөдөлсөн юм.

Скандинавын хойгийн энэ улс байгалийн араншин, хүн амын тоогоороо Монгол оронтой төстэй төдийгүй финн үндэстний генийн хольц, хэл ярианы бүтэц ч монгол хүнийхтэй ойролцоо байх тухай барин тавин баримтууд сонсддог. Бичил гар утаснаас эхлээд, уул уурхайн машин механизм, аврага хөлөг онгоц үйлдвэрлэх технологиороо дэлхийд алдартай болсон энэхүү жижиг (5.5 сая хүнтэй) улсын хөгжлийн түүх, одоогийн болон хэтийн зорилтоос судалж, суралцах зүйл бидэнд их байх нь эргэлзээгүй юм. Үүнийг үл өгүүлэн, дөнгөж мэндлээд буй энэхүү аврага том хөлөг онгоцон дээр тус хөлгийн ахмад ноён Тор Олсэний газарчилсан танилцах аялалын багт багтаж гурван цаг орчим аялсан тухай тэмдэглэлээсээ уншигч тантай цухасхан хуваалцаж байна.

Одоогоор дэлхий дээр хамгийн том нь болох уг хөлөг онгоцны хэмжээ, хүчин чадал, багтаамжын тухай сонирхолтой тоон баримтуудыг олж мэдэхийг уншигч авхай таны сониуч занд даатгасугай. Нэгэн тоог дурьдахад жин нь 225 мянган тонн буюу Титаникаас бараг 5 дахин хүнд юм байна.

Хэсэг нөхдийн хамт аврага хөлөг онгоц зүүрмэглэн буй далайн эрэг рүү машинаар очих байтал өглөө нөхөр утас цохиод гадаа зам халтиргаа ихтэй байна таксидвал ямар вэ гэж байна. Бид ч тэр ёсоор болж такси хөлөглөн очих газартаа ирлээ. Манай багийн ихэнх хүмүүс ирчихсэн байсан ба цөөн хэдэн хүн нэмж ирсэнээр бид хөлөгрүү хөдлөв. Хөлөг онгоцонд орохын өмнө зарим зааварчилагаа авлаа, мөн хамгаалалтын хувцас, малгай, бээлий гэх мэтийг өмсгөв, мөн хөлгийн дотоод засал хараахан дуусаагүй тул энд тэнд ундуй сундуй, нааш цааш юм зөөсөн хүмүүс, өрөмдөж хадсан, хангинасан дуу угтахыг сануулав.

Ноён Олсэн энэхүү гайхамшигт хөлөг онгоцны ахмадаар томилогдоод эхнэр, хүү, охины хамт энд ирээд хэдэн сар болж буйгаа танилцуулаад, тэднийхээ хамт аялалын хөтөч хийнэ, асуух зүйлсээ биднээс асуугаарай гэлээ. Ярианыхаа төгсгөлд мань хүн дэргэдээ зогсч байсан эхнэртээ хандан  ”одоо манай хүн та бүхэнд зориулж яриа хийхийг хүсч байж магад” гэж явуулаад хариу далайсан гаранд нь өөрөө сүрхий цожин дальдарч хүмүүсийг хөөрхөн хөгжөөгөөд авав.

Аялалын эхлэх цэгт хүрэхээр хүмүүсийн зарим нь цахилгаан шатаар хөдөлсөн бол бидний хэсэг нөхөд шатаар алхан биеийн халаалт хийчихлээ. Хамгийн эхний зочилсон газар маань нэгэн спортын талбай байсан ба эндхийн тохижолт, тоноглол, зай талбайн зохион байгуулалт мөн ч сайхан юмаа.

Эндээсээ гараад Казино, энтертайнментийн зоонд ирлээ, автомат машинууд суурьлуулсан коридороор дамжин төв хэсэгт нь хүрэхэд үнэхээр шоу, цэнгээний газарт ороод ирсэн нь мэдрэгдэж байнаа. Зэрэглэлээрээ ангилагдсан бооцоот тоглоомын өрөө, талбайнууд энд тэнд харагдах ба засал чимэглэл, тохижолт нь гайхалтай санагдах авч байршил, зохион байгуулалтын уялдаа холбооны учирыг олоход нэмэлт тайлбар хэрэгтэй байлаа. Энэхүү орчиныг бүрдүүлэгч тайз, дэлгэц, тааз, шал, хана болон үйлчилгээний цэгүүд, кафе, буфет, баар зэргийн тохижолт засал нь далай тэнгис, хөлөг онгоцны амьдрал, дэлхийн бөмбөрцгийн дүрс, бүслүүр хэмжээстэй ямар нэг хэлбэрээр уялдсан зохиомжтой юм. Зочидод үйлчлэх цэгүүдийн техник тоноглол нь нүсэр харагдаж байсан ба зар сурталчилгаа, мэдээллийн самбарууд дээр туршилт хийж байна гэсэн бичгүүд гүйж байлаа. Энд нэгэн үдшийг өнгөрөөх аваас энэ орчны жинхэнэ ид шидийг мэдрэх нь дамжиггүйг шоу үзүүлбэрийн хөтөлбөрөөс харж болхоор байв. Долоо хоног бүр 1380 суудалтай театрт хоёр удаа оригнал продакшины шоу, нэг удаа нэрд гарч буй шоучны хөтөлбөрийг тухлан сууж, таалан сонирхохыг санал болгосон байна. Мөн мөсөн дээрх шоуг шимтэн үзэх, өөрөө ч тэнд гулгах боломжтой гэнэ. Төрөл бүрийн жанарын хөгжим, бүжиг, үзүүлбэрүүдийг шөнийн болоод үдшийн цэнгээний клабуудад үзэж, сонсох, өөрийн биеэр оролцон тоглож болох юм байна. Снүүкэр, латино диско баар, караоке ба хөгжимт тоглоомын бааруудад ч тухлан цэнгэх завшаан танд бий. За тэгээд шоу, цэнгээний зэрэгцээ энэхүү ертөнцөд өрнөх амьдралын нэгэн оргил хэсэг нь казиночидын тулаан байх бизээ. Энд төрөл бүрийн зэрэглэлийн 27 бооцоот тоглоомын ширээ, их гарын покерчидод зориулсан тусгай өрөөнүүд, 450 казиногийн машин суурьлуулсан байна.

Бидний аялал үргэлжилсээр нэгэн үзэсгэлэнгийн танхимд ирэв. Энд дижитал технологийн дэвшил, гайхамшигийг үзэгчидэд мэдрүүлэх зорилготой аж, гэвч бас л ажиллаж эхлээгүй тул танхимийн зохион байгуулалт, чимэглэл, өнгө зохиомжийн гайхалтайг нь бишэрцгээн танхимийг үдлээ. Эндээс гарахад задгай талбайд байрлах усан бассейн, амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэн, түүнээс холгүй байрлалаас хөлгийн төвд орших хөндийг дээрээс нь ажиглаж болохуйц талбай биднийг угтав. Уг хөндий нь хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайг санагдуулам зохион байгуулалттай, хоёр талын ханаар нь орон сууцны/буудлын тагтууд ярайж харагдана. Энэхүү хөлгийн төв паркийн хоёр талаарх 6 давхарт 300 гаруй өрөө байх ба төдий тооны тагт буйг ахмад маань тодотгосон. Эндээс задгай тэнгэр харагдах ба энэхүү хөлөгт л анх удаа ийм онцлогийг бүрдүүлсэн гэнэ. Оройн зоог, үзүүлэн сурталчилгаа, үдшийн үзүүлбэр, тоглолтуудад зориулсан тайван орчин энд ноёлох бөгөөд олон үндэстний сонгодог меню, төрөл бүрийн дарсны амт чанарыг мэдрүүлэх юм байна. Мөн нэртэй брэндийн барааны дэлгүүрүүд, төрөл бүрийн дээд зэрэглэлийн үйлчилгээнүүд ч таныг угтаж байх болно.    

Улмаар манай аялалын баг нэгэн сонирхолтой газар ирсэн нь Усан театр байлаа. Зорчигчид усан театрын бассейнд шумбан, салхинаас хамгаалагдсан орчинд биеэ наранд шарах, мөн усан дээр байрлах ширээнүүдэд суух зуураа далай тэнгис тийш хараа бэлчээн, кофе, дарс, ундаа шимэн амрах юм байна. Бас ханан хаданд авирч самбаагаа сорих, хөлгийн тавцан дээгүүр тааллаараа зугаалах боломжийг бүрдүүлжээ. Энд өрнөж буй өдрийн тайван тансаг амралт наран жаргахтай зэрэгцээд шөнийн романтик амьдралаар солигдоно гэнэдээ. Нөгөө амралт, шарлагын талбайнууд маань 600 хүний суудал бүхий театр болон хувирах ба усан бассейн нь усан оргилуур болж, амрагчид өдөр нь нарны тос худалдан авч байсан бол одоо үдшийн коктайл захиалж эхлэх учиртай гэнэ. Театрын гол үзүүлбэр болох усан шоу, акробат үзүүлбэрүүд одод орчсон тэнгэр, далайн давалгаат мандалын зааг дээр өнгө, аяз хослуулан тоглох юм байна. Энэ нь энэхүү хөлгийн бас нэгэн брэнд онцлог гэсэн шүү.
     
Хөлгийн ахмад маань газарчилах, тайлбарлах үүргээ гүйцэтгэх зуур туслахууд нь багийн бүрэн бүтэн байдлыг хянах, энд тэнд тарсан хүмүүс, хүүхдүүдийг цуглуулах хүндхэн албатай байлаа. Хүүхэд, багачуудад зориулсан төрөл бүрийн тоглоомын ертөнцүүд, цагаа өнгөрөөх номын сан, кино үзвэр, спорт, урлаг, урлан бүтээх төвүүд, ажиглалт туршилтын лаборатор, насны онцлогт нь тохируулсан амралт үйлчилгээ, адал явдлын зоонууд олон байсны дотор хүүхдийн театр нь хүмүүст их таалагдаж байх шиг байсан. Хүүхдийн театрын хөгжимийн хэрэгсэлүүд болон бусад тоноглол, засал тохижолт нь төгс төгөлдөр бөгөөд энд хүүхдүүд хэсэг бүлгээрээ тоглолт хийх, дуулж бүжиглэх боломжтой. Хүүхэд асран халамжлах, хичээл сургалт явуулах үйлчилгээ бас байх юм гэсэн.

Цааш аялах тусам хөлгийн бүхий л хэсгүүд нь үнэхээр зохиомжийн нарийн шийдэл, төгс зохион байгуулалтыг агуулж буйгаа мэдрүүлсээр байлаа.    

Спорт, биеийн тамирын талбай, үйлчлгээний төвүүдгүйгээр энэ хөлгийг үнэхээр төсөөлшгүй байсан юм. Сагсан бөмбөг, голф, теннисний талбай, янз бүрийн усан бассейнууд, наран шарлагын талбай, ханан хаданд авиралт, гимнастик, ёог, массаж, фитнесийн төвүүд гээд олоон олон. Анх удаа ийм олон тоног төхөөрөмж бүхий том фитнес төв энд үзлээ гэж нэгэн нөхөр ярьж байсан. Тус хөлгийн зохион байгуулалтын хэсэгтэй танилцаад явахад гурван цаг орчим болсон гэхэд ямархуу нүсэр эд болох нь төсөөлөгдөх байхаа. Нэг анзаарахад 16-р давхарт явж байсан шүү.

Зорчигчийн өрөө нь зөвхөн зочид буудлын өрөө төдий биш, орон сууцны зохион байгуулалттай, тэнд зочины уужим өрөө, далай руу харах цэлгэр цонх, өргөн балкон байна. Хаан, хатан хоёрын унтлагын өрөө ч тансагаа, ханандаа сейфтэй, хажуудаа нэмэлт өрөө, үйлчилгээний төхөөрөмжүүдтэй, гэх мэт.  


Зорчигчидийн тав тухтай зорчих нөхцөлийг ийнхүү төгс төгөлдөр бүрдүүлсэн хөлгийн маань жолоодон залах удирдлагын орчинд зочилоход сонирхолтой байлаа. Тус орчин нь далай руу харсан цэлгэр цонх бүхий талбайд байрлах бөгөөд өвч тоноглогдсон хоёр ч жолоочын суудалтай, харин жолоо буюу руль нь тусдаа байрлах ба ийм том хөлөг онгоцыг зална гэхэд мөн ч жижигхэн эд харагдаж байдаг.

Ийнхүү энэ тансаг бөгөөд гайхамшигтай хөвөгч хоттой танилцсан тухайгаа мартан санан байж тэмдэглэн буулгалаа. “Тэнгисийн баян бүрд” хэмээх ер бусын үзэсгэлэнт баян ертөнц, мөрөөдлийн хөдөлгөөнт хот тэнгис далайдаа ийнхүү хөвлөө. Олон олон арван, зуун жил усан гаригийн уртраг, өргөргийг холбон аялаж, домог түүхээ бүтээх болтугай. 

Хамгийн үнэтэй усан онгоцоор 14 хоног аялах билет арван тав орчим мянган доллар байдаг ба манай онгоцны билет арван хоёр мянга орчим доллар байх боловуу гэж ноён ахмад айлдаж байсан.
Энэхүү гайхамшигт хөлгөөр аялах хувь тохиосон азтай Монгол хүн Та өөрийн сэтгэгдэл, аян замын тэмдэглэлээсээ  хуваалцаарай.

И. Цэрэн-Онолт.
Зул сарын баярын мэнд хүргэе!
2009 оны 12 дугаар сарын 25.

  • Бичсэн Tserenonolt
  • Үзсэн: 1252

Бүлэг: Өгүүлэл

Image

Японы орчин үеийн уран зохиолын дээжээс

Япон орон арвин баялаг утга зохиолын өв сантай орон. Анхны романыг 10 зууны өмнө япон хүмүүс бичсэн гэхээр л ойлгомжтой юм. /Энэхүү хүн төрөлхтний анхны роман болох “Гензийн дуулал” ойрмогхон монгол хэлээр буун, уншигч олонд хүрсэн санагдана./
Монголчууд бид японы энэ арвин баялаг утга зохиолоос чамлахааргүй уншиж, хүртэж ирсэн. Ахмад үеийн орчуулагч нарын хичээл зүтгэлээр Японы орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч /манайд бол Д.Нацагдорж л гэсэн үг/ Нацумэ Соосэкийн “Жаал хүү” тууж, Нобелийн шагналт Кэнзабурэ Оэгийн “Хожимдсон залуус”, Басё, Ишикава Такүбакүгийн алдарт Хайку шүлгүүдийг уншиж байсан билээ. Хожим 1990-ээд оноос хойш Кобе Абэ, Мишима, Акутагава, Ясунари Кавабата, Шиба Роотарү гээд л ... Ер японы уран зохиол баялаг төдийгүй тун өвөрмөц, хүчирхэг.
Харин одоо энэ удаад өнөө цагийн японы зохиолч, уран бүтээлч залуусын уран бүтээлээс хүргэж байна.

Камма Чикако

Тэрбээр 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлсэн. 1993 онд Осакагийн эмэгтэйчүүдийн утга зохиолын хүрээлэнг үүсгэн байгуулагч, тэргүүн Тонекимико багштай учирснаар, Тони багшийн эрхлэн гаргадаг утга зохиолын сэтгүүлд уран бүтээлээсээ гаргах болсон байна.
Бодрол, хүмүүнлэгийн шинжтэй богино өгүүллэг голдуу бичдэг энэ бүсгүй Нацумэ Соосэкийг шүтэн бишрэгч.
Энэ удаа монгол уншигчдын хүртээл болж буй “Эргийн салхинд” өгүүллэг нь KITA NIHON –д хэвлэгдэж байжээ.
Камма бүсгүй өнгөрдөг зун манай оронд зочлоод буцсан юм.
Монголоос буцаж очоод илгээсэн захидалдаа тэрбээр “Улаанбаатарт зочилсон энэ зун надад гайхалтай дурсамжтай байлаа.  Магадгүй, өмнөх төрөл гэж хэрэв байдагсан бол осолдохгүй би монгол хүн байсан болов уу гэж бодогдсон. Танай нутгийн хүмүүсийн дүр төрх, уур амьсгал ер нь юм бүхэн яагаад ч юм бүр голоос халуун дулаан ойр санагдсан шүү” хэмээн бичжээ.

Эргийн салхинд /Өгүүллэг/

Камма Чикако

Зуны бүгчим халуун цаг зуурын мэт санагдана.
Тариачдын тосгоны дундуур орон урагшлах суудлын машины урд талын суудалд Саеко явдлын айзамд биеэ тушаан, алсыг чимээгүйхэн ширтэн суух ажээ. Зэрэгцүүлэн тавьсан хоёр хөлийн өвдөг машины явдалд хоёр тийш үл мэдэг ганхан байвч, тэр нь ямар ч мэдрэлгүйгээс эзэнгүй мэт байсан өмнөх шиг биш, мэдрэл булчингийн эрхэнд дуулгавартай зэрэгцэнэ. Тэр өвдөгөө хэр дуулгавартай байгааг үе үе шалгахын хажуугаар бас гадаах орчныг харан явлаа.
Ургац хураасны дараа будааны түрүүг энд тэндгүй овоолон шатаасан нь нарийн утаа уугиулж, зам дээр ч манан мэт хөндөлдөх бөгөөд жин үдийн нозоорсон агаар утаатай сүлэлдэн суунаглана.
Бороо орох ямар ч шинжгүй, агаар тэр аяараа лагхийн хүнд оргино.
- Цонх нээвэл цэвэр агаар орж ирэх болов уу, хө? гэж жолоо мушгингаа нөхөр нь Саекод хэлэв. Гэвч салхинд үс нь алингаа алдчих вий гэж төвөгшөөсөн, тэгээд ч одоо цонх онгойлговоос гаднаас утаа орж ирэх нь гарцаагүй тул үүнийг хэлэхээр нөхөр рүүгээ харлаа. Нөхрийнх нь эрүү махлаг агаад цамцны хатуулгатай заханд нэлээд хэсэг нь халхлагджээ. Махалснаас үрчлээ нь толийн булцайсан зүүн гараар жолоогоо атгах ба тэр гарын ядам хуруунд яав ч мултархааргүй шигдсэн хуримын бөгж гялтайна.
Нөхөр тэр хоёр нэгэн компанид ажилладаг байлаа. Байдаг л нэгэн ажилтай, зан сайтай залуу байв. Саекод ч гэсэн мөн эелдэг ханддаг байж. Саеко хүн амьтантай харицахдаа нүүрэмгий биш бөгөөд эрхэлж буй ажилдаа ч дуртай байсангүй. Тэрнээс гадна нас ч болж, эргэн тойрны шахалт хатгаас ч байсан уу, нэг л мэдэхэд энэ хүнтэй гэрлэн суух болжээ. Арваад жил үр хүүхэд гарсангүй боловч, хоёр биений хооронд ямар ч асуудал болсонгүй. Саеко ч үр хүүхэд хүсэж сүйд болсонгүй, нөхөр ч сонирхлоо хөөн өдрийг завгүй өнгөрөөх бөлгөө.
Нөхрийн духанд хөлс чийхарчээ. Халуунд дандаа тэгдэг юм. Саеко өвдөгөн дээрх гар цүнхнээсээ алчуур гарган нөхрийн зүг сунгалаа. Тэгээр машины агаар сэлгэгчийн салхивчийг бүгдийг нь нөхрийн зүг чиглүүлэн, тохируулгыг нь нэмэж тавив.
-  Халуун малуун гээгүй байхад гэж бувтнангаа нөхөр алчуурыг авч магнайн хөлсийг шудрав.
Тэд явсаар уулын замд оров.
Тэд хэд хэдэн гүвээ давж, булйн тохойг тойрсон ч бас дахин хэдийг давж, тойрч байж зорьсон газраа хүрэх юм бол. Саеко ядарч буйгаа мэдэрч, сандлаа бага зэрэг налуулан засаад, нүдээ аниад нөхрөөсөө асуув.
-  Таны хэлээд байгаа тэр хад ойртож байна уу?
Нөхөр нь нэлээд хөгжилтэй байдлаар ийн хариулав.
- Энэ мушгирсан замыг дуусахаар багахан загасчны тосгонд хүрнэ. Тэр загасчны тосгоны даланг дагаад баруун тийш эргэнэ. Тэгээд тэр чигээрээ явсаар урт хонгил байгаа, хонгилоор орохоор тосгон ч, далан ч үзэгдэхгүй болно. Хонгилоос гараад ялимгүй давхихад л харагдана даа.
Нөхөр энэхүү тайлбартаа сэтгэл хангалуун байгаа бололтой толгой дохилон байгаа. Тэгээд бас Саекогийн зүг жирвэсхийн харсан байх ёстой. Ер олон жил амьдраад ирэхийн цагт нүдээ аньсан байсан ч нэгнийхээ үйл хөдлөлийг алганыхаа хээ шиг л мэддэг болчих юм даа.
- Дотор муу байна уу? гэж нөхөр нь асуув.
- Одоо нэг их хол биш биз дээ?
- Чи ч үргэлж шулуун замаар харихыг хүсдэг. Гэхдээ би нааш нь ганц удаа ч болов дагуулж ирье дээ гэж бодож байсан юм аа.
Саеко хөнгөн санаа алдана.
- Тийм янзтай газраас харих замд уу?
Нөхөр зэмлэнгүйгээр Саеког хараад
- Юун тийм янзтай газар гэж, чамайг эрүүл саруул болгож өгөөгүй бил үү?
- Тийм ээ.
Саеко богинохон хариулт хэлнэ. Тэгээд машины явдалд хоёр өвдгөө зөөлөн ганхахыг мэдрэнгээ, өвдөгнийхөө тойг ясны булчинг зөөлөн чангалж султгана.
Саекогийн бодсоны дагуу сайн болж чадаж байлаа. Магадгүй, хоёр өвдөг нь шилэн тирконы цаанаас туяхан харагдаж буй билээ. Гэсэн ч нүдээ нээн тэрнийг шалгах хүсэл байсангүй. Нүдээ аньсан энэ амар тайвнаа Саеко эвдэхийг хүссэнгүй.
Нөхрийн зүгээс дахин дуу гарч,
- Ойрд бүр үнэхээр эрүүлжээд, огт өөр болж ирсэн байна шүү.
Гэж хэлэхдээ эхнэрийнхээ өвдгөн дээр гараа тавьлаа. Тэр чигээрээ эхнэрийн банзалд халхлагдан ахуй гуяны гүнрүү гараа явуулах гэлээ. Тэгснээ тоормозоо огцомхон гишгэв. Ингэж гараа сунгаснаас жолоодлогын тэнцвэр суларсан бололтой. Саеко нөхрийнхөө гарыг буцааж түлхэхээс өмнө тэр гарыг нь машины жолоо булаагаад авчихав.
- Шулуун зам биш аюултай шүү дээ гэж хөмсгөө зангидан хэлэв.
- За жаахан уужуу ханд л даа. Чамайгаа эрүүл болсонд баярлаж байгаа л хэрэг шүү дээ.
Нөхөр нь ямар ч юм болоогүй мэт хэнэггүйхэн хэлнэ.
Саеко дахин нүдээ анина.
Нөхөр тэндээс дуугаа намсган яриагаа үргэлжлүүлнэ.
- Ингэхэд, шөнө нойр сэргээд усан санхүү өнгийвөөс гэрэлт загаснуудын нэг нь үхчихсэн, хөвж байна билээ.
Хэдэн жилийн өмнө унтлагын өрөөний шүүгээг гарган оронд нь томоохон загасны аквариум байрлуулсан болно. Ямар улирал нь байсан юм бол доо, тэр үед мөн л шөнө дунд байсан юмсан. Нөхөр нь орноосоо өндийн усан сан руу ширтэн зогсоход, гэрэлт загаснууд шумбан наадах аквариумын цэнхэр туяаг даган хөвөх мэт нөхөр нь өчүүхэн ч хөдлөлгүйгээр шимтэн ширтэж байдаг байв. Нөхөр нь ажлаасаа тарж ирээд, яг тэгж дуугаа хураан зогсоод, хэдэн цагийг ч өнгөрөөх өдөр байна. Цаг хугацааг мартчихсан юм шиг л зөвхөн аквариумыг харан зогсоно. Ажил дээр нь таагүй асуудал тулгараа юм болов уу гэхчилэн Саеко чимээгүйхэн алсаас байдлыг тольдоно. Заримдаа богинохон үгс бувтнан зогсоно.
- Үзэсгэлэн гээч чинь энэ л байх даа.
- Үнэхээр ч гэрэлт загаснууд гайхалтай. Гагцхүү, түүний гэрэлт загас үхсэнийг гаргаж хаясан тэр өдрөөс эхлэн нөхрийнх нь хувьд гоо сайхан гэгч чухам юу болохыг мэдэхээ байсан билээ. Нөхөр тэр өдөр үхсэн загасыг чимхэн авч, онгорхой салхивчаар чулуудаад, хурууныхаа үзүүрийг сальфеткинд арчих зуураа тоосон шинжгүй Саекод хэлэх нь
- Золбин мууранд яг таарсан идэш.
Саекогийн дотор пал хийх шиг болоод, нөхрийн бөөрөнхийлсөн сальфеткийг тосон авлаа.
- Нэг л энэрэнгүй бус юм аа гэхэд нөхөр нь инээн
- Амьдрал өөрөө энэрэнгүй биш шүү дээ гэжээ.  
Тэр явдлыг дурсаад Саеко энэ удаа аньсан нүдээ томоос том нээн, сандлынхаа тушлэгийг босголоо.
Зам тэгэсгээд уулын замаас гарч, харагдах орчин ч тэлж ирлээ. Нөхрийн яриад байсан загасчны тосгон нь юм болов уу, давчуухан хаалгатай сууцууд ар араасаа хөвөрнө. Будсан будаг нь ч тэр нилэнхүйдээ гандуухан. Тэрчлэн нүдний үзүүрт тээр тэнд далай цэлэлзэнэ. Намхан далангийн тэртээ, үүлэн завсраар асгарах нарны туяа далайн мандалд ойн тусна. Тэр ойсон туяа Саекогийн нүдийг гялбуулж эхлэв.
Саеко нарны халхавчаа буулгангаа нөхөртөө
- Сонин юм аа, энэ зузаан үүлний цаанаас нар яаж өнгийгөөд, далайд тусан, бас ойж амждаг байна аа.
- Тэгэсгээд тэнгэр цэлмэхийн дохио биз дээ. Нөхөр залхангуй байдалтай байх аж.
- Гэвч энэ янзаар бол тэнгэр бүр муудахын тэмдэг юм биш үү?
Саеко түүнлүү толгой эргүүлэн хандсан боловч нөхөр түүнд нь хариу хэлсэнгүй.
Тэд сууцнууд дундаас гаран, даланд тулж барууншаа эргэн давхив. Замын хажуугаар үргэлчилсэн цементэн хашлага болж ирээд, загасны тор зулсан харагдана. Засагны торныхоо энд тэнд зогсох усны гуталтай эрчүүд ажилдаа шамдан хөдөлцгөөнө.
Тэндээс урт хонгилийн замаар давхин орлоо. Хонгтлд тусгасан гэрлийг бараг анзаарч амжаагүй байхад машин хонгилоос аль хэдийнэ гарчихсан баруун тийш эргэн давхив. Нэг мөргөцөгийг алгуурхан тойроод, дахин шулуун замд ороход нөхөр нь хааз өгөн хурдаа нэмлээ. Тэнд үргэлжилсэн далан үзэгдэхээ больжээ. Харин түүний оронд цагааран тунарах далайн мандал амьтай юм шиг цалгилж, давалгаа ар араасаа давхралдан хуйлирна.
Саеко хэлнэ.
- Агаарын хуйлрал шиг далайн усны дунд ямар нэгэн юм залгин буйгаас зайлахгүй. Энэ тэнгэр ч гарцаагүй муудах шинжтэй.
- Ямар ч юманд дандаа мухар онош тавьж явна шүү, тэгээд. Нөхрийнх нь уруул өмөлзөнө.
- Тэнгэр бүрхэг атлаа яахаараа ийм тод гэрэлтэй байдаг байна аа. Жаахан түрүүхэн нүд гялбуулаад байсан нь үүлэн завсрын нарны уршиг гэж бодож байсан чинь.
Саеко хоёр гараараа нүдээ даран урагшаа харав.
- Яахаараа ингэж байдаг байна аа, тийм иймээс гарцаагүй гэж байхаа боль гэж эмч захиагүй бил үү?
Нөхрийнх нь ундууцсан энэ үгэнд Саеко нүдээ дарж байсан гараа аван толгой дохив.
- Учрыг нь ч ухахгүй юм гэв.
Нөхөр нь хүзүүгээ ялигүй эргүүлэн хялам хийн харна.
- Элдэв юм бодож, тэрэндээ хэтэрхий итгэж туйлширна шүү. Амархаан бодож, санаад өнгөрөөчих юмыг чинь тэгэж янз янзаар ургуулан бодоод байхаар чинь наад сэтгэл мэдрэл чинь яаж зүгээр байх билээ.
- Миний өвчний тухай хэлж байгаа юм биз дээ.
- Санаа зовсондоо л тэр шүү дээ.
Саеко өвдгөн дээрх цүнхрүүгээ харлаа. Дотор нь дөнгөж сая эмнэлгээс авсан цагаан савтай эм бий билээ.
Энэ явдал эхэлсэн нь хэзээнээс юм бол. Булан эргээд алхаагаа сааруулан зогсох гэтэл гэнэт хоёр өвдөг нь сулраад, гулжгасхийн нугараад явчихсан нь.
Зуурдын гэмээр энэ явдал, түүний бие цогцосын тулгуур болсон өвдөг нь амьдралыг нь хязгаарлах болсонсон. Гэр зуур ч бол энэ зэргийн юманд бага зэрэг хүлээхэд л болчих боловч, дэлгүүр хоршоо, хүн амьтантай уулзаж гадуур дотуур явахад, ер хаана тохиолдохыг мэдэхгүй. Энэ явдал нь ялигүй алхах хооронд тохиолдож, санаа зовсон хөрш хоёрын бие зүгээр үү гэж асуусан асуултанд бие жаахан эвгүйрхэх шиг боллоо гэж ч хариулалгүй өнгөрсөн. Тэгээд өвдөгтөө хүч орохыг хүлээн хэсэг суусан. Энэ мэтээр энгийн амьдрал нь аажим аажмаар холдож ирэв.
Ойролцоох хэсгийн эмнэлэгт үзүүлж харуулахад ямар нэгэн өвчний шинж тэмдэг байсангүй боловч байдал даамжирсаар. Өвдөг нь гэнэтхэн гулжгасхийн мэдээ алдрах нь илтэд олширч ирсэн билээ. Эмнэлгээр явах бүрийд нөхөр нь хүргэж өгөн, Саекогийн ард урд гаран гүйх боловч тэгэж олон дахин ажил таслаад байх арга бас байхгүй. Улмаар эмнэлгээс өгсөн зөвлөгөөний дагуу Их сургуулийн анагаах эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэх боллоо.
Хаврын наран эмнэлгийн үзлэгийн өрөөний цонхоор ээнэ.
Эмч хэллээ.
- Тэр эмнэлгийн зам ч унаатай хүнд буруу дуулаагүй бол буцахгүй газар даа. Жолоо барьсан нөхрийн ажлын алжаал тайлагддаг л газар.
Саеко сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөгөө авсан нь энэ байлаа. Эмч нөхрийн сэтгэлийг бодсондоо тэгсэн юм болов уу, наргиа хавчуулан хөгжилтэй аяс оруулсан нь тэр байлаа.
Тэр эмнэлэг нь үнэхээр зайдуу уулын аманд байх агаад, эхний долоо хоног орчим л эмнэлэгт хэвтэн төрөл бүрийн шинжилгээ өгсний дараа гэртээ гарсан ба тогтмол тэр эмнэлгээр очиж, эм ууж, нээлттэй ярилцах-зөвлөлдөх эмчилгээний аргаар дагнах болов. Сард хоёр удаа эмчтэй нээлттэй ярилцлага хийхийн төлөө эмнэлэг явна.
Хариуцсан эмч болох залуухан хархүүтэй Саеко байдаг л нэг зүйлийн тухай, жишээлбэл шороо, шалбаагтай зууралдаад байх хүсэлгүй ч цэцэрлэгийнхээ арчилгааг байнга хийдэг, хорхой шавьж устгалын шавьжны хор нь эрүүл мэндэд муу биш байгаадаа гэж дандаа бодогддог гэх мэтийг ярилцах аж. Тэр нь чухам эмчилгээнд ямар ач холбогдолтой байдаг юм бүү мэд, гэвч эмч нэг бүрчлэн бичиж тэмдэглэх бөлгөө.
Ямартай ч өвдөг сулрах өвчнөөс салж ирэв. Эмчийн тэр ярилцлага энэ үр дүнд хөтөлсан байж ч мэднэ, эм тан үйлчилсэн ч байж мэднэ. Цаг хугацааны асуудлаас болсон ч байж мэднэ, гэвч аль нь байлаа хамаа байсангүй. Энгийн амьдралдаа эргэж орж л байвал түүгээр түмэн хэрэг бүтэх хэрэг.
Тэр хадыг нөхөр нь Саеког эмнэлэгт хэвтэж байхад эргэж ирээд буцах замдаа харсан бололтой.
- За гараад ирлээ. Хар даа, тэр харагдаж байна.
Нөхрийгөө ийн хэлэхэд Саеко толгойгоо өргөн заасан зүг рүү нь харав. Далайн уснаас ороолдсон цагаан юм цухуйхийг харсан Саеко зог тусан, дотор нь арзас хийх шиг болов. Далайн ёроолоос бултайж, шовойсон тэр нүцгэн чулуунд, өнөөг хүртэл үзэж дассан хад гээчийн нэр арай ч таараагүй шиг санагдана. Хувхай цайсан араг ясыг санагдуулам ийм хад харж байгаагүй юм байна. Бүүдгэр саарал тэнгэрийн дундаас лаван хүүхэлтэй шиг зэвхий даасан өнгөөрөө Саекогийн зүг ойртон айсуй мэт. Нөхөр нь машиныхаа хурдыг хасан, тэр зүгрүү хуруугаараа заан догдлонгуй ийн хэлэв.
- Хардаа үзэсгэлэнтэй байгаа биз? Дөхөж очвол бүр ч сүртэй сайхан харагддаг юм даа.
- Энэ хавиас харчихад болхоор л санагдана хэмээн Саеко сулхан дуугаар хариулав.
- Хэрэг болгож энэ болтол ирчихээд, бараг хүрээд ирлээ дээ.
Арынхаа машиныг өнгөрүүлэхийн тулд дохионыхоо гэрлийг өгөөд, машинаа замын зүүн талд шахан зогсоов.
Саеко нөхрийн адил уг хадтай зэрэгцээ шугамд зэрэгцэн сууж, урагшаа харж байх боловч, харц нь машины хамар дээр тусна. Машины хамар тэнгэр бүрхэгээс металийн гялалзсан тунгалаг өнгөө алдан зэвхий даажээ.
- Ирсэн нь болсон байгаа биз дээ?
Нөхөр нь сэтгэл хангалуунаар өөрөө өөртөө толгой дохилон, санаандгүй энэ газар хүрч ирсэн түүхээ хүүрнэнэ.
- Улсын зам тохижилтоос төв зам засварт орчихсон, таг бөглөөтэй. Тэгээд зам солин давхиж байгаад, эрэг даган давхихад ч муугүй л хэрэг гэж бодогдоод, аан.. гэж хүүрнэнгээ цамцныхаа энгэрийн халааснаас Саекогийн өгсөн алчуурыг гарган дух хүзүүнийхээ хөлсийг дахин шудрав. Тэгснээ машины урьд талын хамар ширтэн гөлийсөн Саеког анзаарав бололтой.
- Сэтгэл гонсойлгох зүйл байна уу? Гэв.
Саеко юу гэхээ мэдэхгүй тэвдчихэв. “Тиймээ” л гээд хариулчихвал ямар амар байх байсан бол доо. Гэвч тийм үг хэлбэл хэрэг болгон энэ болтол дагуулж авчирсан нөхрийн сэтгэлийг гонсойлгох байлаа.
- Юунд тэгэж бодно вэ, та андуурч байна.
Сэтгэлийнхээ гүнээс гараагүй энэ үгийг үргэлжлүүлж, улам тодорхой болгохын хэрэггүйгээс амаа барив. Гэвч нөхөр нь мэдэрчээ.
- Андуурсан бол хүлцэл өчие.
Нөхөр нь хүйтнээр ийн хариулаад, нормалдсан машинаа огцом хөдөлгөлөө. Хоёр биений хооронд үүссэн энэ уур амьсгал бүхээг доторх агаарыг улам давчдуулна. Өмнөхөөс хурдаа нэмнэ. Өмнөх хад нь Саекогийн хараанд огцом огцом довтлон ирэх шиг. Саекод тэр хаднаас зугтах газар байсангүй, тэр л байдлаараа нүүр учрахаас өөр зам алга байв. Хад Саекогийн өмнө алдлан дүнхийнэ. Холоос бол дан цагаан харагдаж байсан хадны нүүрэн тал өтгөн цайны өнгөтэй, цуурхай ангархайгаар дүүрэн нь аалзны тороор бүрхсэн шиг харагдана. Нүдээ тас аничихмаар санагдсан ч, энэ нь нөхрийн урмыг улам хугалах вий гэж бодоод мөн л зүрхэлсэнгүй.
Саеко байдаг л нэрэлхүү зангаараа хэдий хүчлэн байж,
- Хэтэрхий үзэсгэлэнтэйгээс аймшиг төрүүлэх юм ч бас байх юм аа гэв.
Нөхрийн царай наашилж,
- Тэр ч эмэгтэйчүүдийн хүлээж авах онцгой шинж байх аа даа гэлээ.
Нөхөр нь хуучин хэвэндээ орон, яриагаа үргэлжлүүлэв.
- Жаргал дэндэх аймшигтай гэхчилэн, эмэгтэй хүн гэдэг чинь сэтгэлийн мэдрэмжээ тас эсрэг талынх нь мэдрэмжээр мах нь гэрэлтдэг банш шиг цуглаад тавьчих дуртай улс дөө.
Саеко энэ ярианаас зөвхөн сэтгэл тавгүй байдал л хүлээж авна.
Гэсэн ч ам дагуулах аядана.
- Байгалийн гоо сайхан гэдэг нь гэх мэтээр ярих нь ядаргаатай сонсогдож мэдэх хэдий ч үзэсгэлэнтэй зүйлийг үзэсгэлэнтэй гээд байгаагаар нь хүлээн зөвшөөрөх сайн хэрэг шүү. Учир нь орчлонд байгалийн гоо сайхан гээчид хүрэх юм гэж ер үгүй юм даа. Хэзээ ч билээ, бид хоёр эрвээхэйний үзэсгэлэнгийн цуглуулга үзэж явахад чи яг ингэж хэлсэн дээ. Хэтэрхий үзэсгэлэнтэй байна гэж. Тэр үзэсгэлэнг сайн харвал аяндаа ойлгомжтой. Зөвхөн эрвээхэйг л аваад үзэхэд хүний гараар бүтээгдсэн гэх гоо сайхныг багтааж буйг элбэг олж харна. Тэр далавчны өнгө, угалзийг бодоод үзээч. Аквариумын усанд шумбах гэрэлт загаснуудын уран хөдөлгөөнийг ургуулан санаач. Хүний гараар бүтээгдсэн гэгдэх гоо сайхан нь явж явж байгалийн өчүүхэн хэсэг төдий зүйл болохыг хэлж өгч буйгаас зайлахгүй. Эцсийн эцэст хүн төрөлхтөн байгалийг давна гэж байхгүй зүйл гэж ярив.
Нөхрийн нь үзүүлсэн эрвээхэйний үзүүлэнг тэр үзэсгэлэнтэй юм аа гэж бодож байгаагүй билээ. Тухайн үед хэтэрхий үзэсгэлэнтэй юм аа гэж ам дагуулсан авч Саекод дотор эгдүүцүүлэм шавьж төдийхөн л харагдсан байсан. Байгал дэлхийн гоо сайхан ер ямар ч байсан яалаа. Саеко нөхрийгөө эрвээхэйний үзэсгэлэн үзүүлэн, хол ойр байгалийн үзэсгэлэнт газруудаар явах санал тавих бүрийд нь тэгэж бодно. Түүнчлэн хүний гараар бүтээгдсэн зүйл нь байгалийн өчүүхэн хэсэг байлаа ч болов, магадгүй хүн өөрсдийн мэдрэхгүй сэтгэлд таарах төдийг л байгалаас хар аяндаа сонгож авсны дүнд байж мэдэх билээ. Гэсэн ч Саеко энэ удаад бас нөхрийнхөө амыг дагууллаа.
- Тийм дээ, тэрнээс зайлахгүй.
Юун түрүүнд нөхрийн хэлэх үнэн байж болох, бас Саеко хэтэрхий ургуулан сэтгэж байж ч магадгүй билээ. Машин зорьсон газраа хүрч, өнөө бөөгнөрсөн цагаан зүйл тэр хоёрын машины яг орой дээрээс өнгийж байлаа.
Тэр хадыг ширтэн зогсох хүмүүсийн төлөө л байх даа, зам тэр хэсэгтээ хоёр дахин өргөсөж иржээ. Тэр замын эх нь мөн нарийсаж ирсэн бололтой боловч огцомдуу тохой эргэн жирийж одсоноос зах нь харагдахгүй байв. Нөхөр замын захад машинаа зогсоогоод, суудлынхаа даруулгыг сандрангуу тайлан, түлхүүрээ сугалж, шуурхайлан машинаас буув.
Тэгээд Саекогийн талын хаалгыг очиж онгойлгов. Нөхөр өмднийхөө халаасанд нэг гараа дүрсэн байх ба өрөөсөн гараараа машины хаалга барин Саекогийн бууж ирэхийг хүлээнэ. Саеко хаалганы зүг биеэ эргүүлэн замын асфальтан гадаргууд хөлөө тавилаа. Цүнхээ суудал дээрээ орхиод аядуухан босож зогсов.
Түүний энэ байдлыг анхааралтай харан зогссон нөхөр нь Саекогийн өвдөг давгүй гишгэж байхааг харж, үл мэдэг толгой дохилоод машиныхаа хаалгыг хаав.
Агаар сэлгэгч тасралтгүй үлээсэн машинаас буухад далайн усыг ханатал уусан агаар чийглэг болоод бүгчим халуун. Тэр халуунтай хүч хавсарсан юм шиг  далайн давалгаан яг л далавчит шавьжны дүнгэнээ шиг тасралтгүй сонсогдоно.
- Ажлын өдөр болохоор хүнгүй байгаа юм байх даа.
- Тийм байж магадгүй л юм. Долоо хоногийн төгсгөл болохоор баасан гаригийн болзоо нь ч эхлээ байлгүй дээ.
Нөхөр Саекогоос хагас алхам түрүүлэн явна. Аргагүйн эрхэнд нүд буруулан даган алхах Саеко... Санаснаас илүү салхитай. Саеко үсээ хийсгэхгүй байхыг хичээн гараараа дарна. Үс нь салхинд орооцолдчих вий гэсэн дээ тэр. Угийн ядруу байгаагаас өнгө нь үхэж ирсэн Саекогийн үс тэнгисийн давслаг салхинд ямар олиг байхав дээ, бүр дордох нь дамжиггүй. Саеко толгойгоо хоёр гараараа дарна. Тэр чигээрээ бодлоо өөрчлөн далай дундаас цухуйх овоорсон цагаан юмыг харлаа.  
Энэ овоорсон юмыг үнэхээр хад гэж болох л юм байх даа. Ийм үзээрийн юм эртнээс нааш оршсоор байсан юм байх даа. Өмнөхөн нь зогсох нөхрийнх нь мөрөн дээгүүр Саеког аргагүй даллаад байна уу даа гэмээр. Чухам хаашаа даллаад байгааг ч бүү мэд, гэвч Саеко хамаг бие нь арзасхийх шиг болон,  нөхрийнхөө араас дагна. Нөхрийн араас явсаар тохой эргэдэг хүрч үзвэл тойргын цаад талын далайн эрэг бүхэлдээ нүдний өмнө гарч ирлээ. Тэгтэл сэрийн боссон тэр овоорсон цагаан юм ганцаар тогтсонгүй, том жижиг хэмжээгээр үргэлжлэн харагдана. Бүр алсад ч мөн тэр зүйл гүн далайн ёроолоос өндийнө. Тэгээд тээр тэр алсад давалгаалан давалгаалах далайн давалгаа ч, дэргэдэх бөөн цагаан хадыг ороон цахих далайн давалгаа ч бүгдээрээ зэлүүн тэнгэрийн өнгийг тольдон булингартана. Номин цэнхэр далайг булингартуулан цалгина.
- Энд жихүүн байна.
Саеко мөрөө хавчин, нөхрийн биеийг налав. Суганаас нь хөлс чийхрах хирнээ хамаг бие нь дагжина. Уруул нь бадайрсан юм шиг л жирс жирс хийх ажээ.
- Нар салхинд удаан гарсан биш, салхинд цохиулах нь аргагүй байлгүй дээ.
Нөхөр Саекогийн бугуйнаас шүүрэн халаасандаа хийгээд гараа сугалж, мөрөөр нь тэврээд алхав.
- Машин руугаа явьяа, хурдан харий л даа.
Саеко нөхрийн халааснаас гараа сугалан, тэндээ зогсох гэнэ.
- Өө, юу ч үзэж амжаагүй байж?
Нөхөр Саекогийн мөрийг тэвэрсэн чигээр цааш алхахыг завдана.
- Миний хувьд хангалттай. Тэрнээс гадна энэ ямар газар болохыг сайн мэдэж авлаа. Тиймээс л хурдан харимаар байна.
Омголтсон уруулаа долоонгоо нөхөртөө гомдоллоно. Саекогийн хоёр өвдөг тэнцвэрээ гээлгүй чанд зогсож байвч одоо бол хоёр хөл нь хөшсөн мэт үл хөдлөнө.
Нөхөр нь Саеког хэсэг ширтсэнээ.
- Хэтэрхий үзэсгэлэнтэй байна уу?
Тэгэж сөрөх нөхрийнх нь духанд хэдэн дусал хөлс бурзайн харагдлаа. Тэр хөлсөө ч арчсан юмгүй Саекогийн юу гэхийг хүлээнэ. Саеко зориг муутай сул дуугаар арай ядан шивнэн хэлэх нь
- Энд ямар ч юм нөмөрлөө гайхах зүйлгүй газар байна. Осолгүй далайн түрлэг ирж, эргэн тойрныг хаман одоод, далайн дунд чулуудчихсан ч, газар хагарч, эрэг бүхэлдээ сөнөсөн ч гайхах юмгүй мэт.
Хурдхан л машиндаа эргэж суумаар боллоо. Ганц хором ч болов эндээс холдон, энгийн л уул усны газар шороон дээр, байдаг л сайхан агаараар амьсгалмаар.
- Энд ямар галав нүүрлэв гэж. Ийм сайхан эргийн захад ирчихээд арай романтик бодол санаа төрж болно оо доо.
Нөхрийн энэ үгэнд илтэд уцаарлаж буй нь илхэн байв. Саеко намуун дуугаар.
- Та ч тэгэж л хэлдэг хүн л дээ.
Нөхрийн хөлс шанаагаа даган уруудсаар эрүүнд нь хүрэн дуслана.
- Юу гэж байгааг чинь сайн ухахгүй байх чинь гэж хэлэнгээ нөхөр Саекогийн мөрөөр тэвэрч байсан гараа буулгалаа.
- Нэг их хөндүүрлэж бодохын хэрэггүй ээ. Өөр өөр мэдрэмжтэй хүмүүс юм. Ердөө л тэрнийг хэлэх гэсэн юм.
Яльгүй тайлбар тавихыг хичээх Саекогийн үгэнд нөхөр нь
- Эхнэр хүний уран мэхний учигийг олдоггүй эрийг л маллах үг байх даа.
Ундууцангуй гараа хармайлах нөхрийн янзгүй царай. Саеко энэ эргээс бушуу зугтмаар болно. Энд байсаар байх аваас нөхөр тэр хоёрын харьцаа ч хэвийн биш болж ирэх янзтай.
- Хойлогдуухан хүндээ гэж бодсоор амьдарч ирлээ гээд хэлчихгүй, аль эсвээс эмчийн протоколд улиг болж буй асуудал уу?
- Тэнэглэхээ болиоч, яриа шал өөр тийш хандаж байна гэж нөхрийн зүг харангаа хэлэх Саекогийн толгойд тэр нэгэн дүр зураг амилж ирэв. Нөхөр аквариумын дэргэд өнгөт загаснуудыг ширтэн байсан тэр нэгэн шөнө орноосоо босохоор өндийсөн ч биеийн тэнцвэрээ тогтоож чадсангүй. Анх тэгэж л хөлийн булчин сулран өвдгөөр зог туссан нь тэр санагдана.
-    Чиний өвчин эмгэг дагуулах нь бид хоёрын санаа сэтгэл нийлээгүйгээс болсон нь гарцаагүй.
Тэгэж хэлэн нөхөр буруу харан зогсоход тэр нь Саекод гэрэлт загаснуудын уран хөдөлгөөнд цаламдуулчихсан юм шиг таг зогсох дүр зурагтай нь давхцах шиг боллоо.
Аквариумын цэнхэр туяа нөхрийн хоёр мөрөнд асан уугиж байх шиг харагдана. Саеко нүдэндээ үл итгэн дахин дахин нүдээ цавчилан харж байсан сан. Түүнийг сонссон Саеко амьдралдаа агуулж санаж яваагүй гэхээр гүнээс үгс сэтгэлийнх нь урсаж эхлэх нь тэр.
- Санаа сэтгэл. Санаа сэтгэл гэдэг нь яг юу юм бэ?
Нөхөр эргэж харлаа. Тэрнийг ч үл харгалзан Саеко үргэлжлүүлэв.
- Та үргэлж л надад тэгий ингэе гэж тулгадаг. Өөрийн мэдэлгүй би тэрийг дагахад хүрдэг.
- Би хэзээ, юу чамд тулгалаа?
- Яг адилхан зүйл хүсэж, мэдрэхийг. Саеко шулуухан хариулав.
- Тийм юмыг ёстой санахгүй байна. Чиний л бодол санааны хадуурал биз. Уран сэтгэмж гэдэг чинь л тэр.
Нөхөр дуржигнуулан хэлэв. Шанхны үс нь хөлсөндөө норж, нүүрээрээ мэнчийтэл улайсан харагдана. Уурласандаа хуримын бөгжтэй зангидсан гараараа нөгөө гарынхаа алгыг түс хийтэл цохино.
- Таны л хүсэл тааллыг мөр алдалгүй дагуулах, энэнд л өдөр тутмын амьдралын харилцан ойлголцлолын утга оршино гэж өөртөө итгүүлээд, үргэлж л үгээр илэрхийлэх аргагүй тэс өөр хүсэл мэдрэмж тээсээр ирлээ. Гэсэн ч би гэрэлт жараахай биш тул таны тааллаар үхэн үхтлээ шилэн хоргоны цаана сэлж дийлэхгүй.
Саеко үгээ эрс чангатгасан байдалтайгаар
- Хөлөнд хүч орохгүй болж ирэх нь аргагүй л дээ. Гэрэлт жараахайд хөл байдаг биш.
Эцсийн санаагаа бат илэрхийлэх гэсэн шиг Саеко нөхрийн царайг эгцлэн харлаа. Нөхөр нь Саекогийн гомдоллыг юу гэж хүлээж авсан юм, газар шагайн хэсэг дуугаа хураалаа. Хэсэг байзнаснаа, нөхөр битүү сул хоолойгоор ярьж эхлэв.
- Бүрий болж байв. Гэрээс холгүйхэн төмөр замын гарцан дээр гэрлэн дохио хүлээж зогслоо. Тэр давчуухан гарман дээр би өмнөөсөө хоёр дахь тэрэг байсан юм. Гэтэл нэг муу хуучин дугуйгаа түрсэн буурай хөгшин машинуудын дундуур гэлдэрсээр гарч ирээд, эхний машины зүүн гар талд зогсов. Муу ээж минь амьд байсан бол өдий хэрийн настан байсан болов уу даа гэж тэр зуур бодогдлоо. Хүндэдсэн байрын ачаа ардаа үүрсэн байсан. Төмөр замын гарц ч нээгдэж машинууд урсаж эхэллээ. Эхний машин ч яаравчилан хөдөлж одлоо. Настай хүний дугуйны хардаар сажлах хэрэг болох тул тэр шүү дээ. Би машинаа хөдөлгөн настантай зэрэгцэн очиж, эсрэг талын цонхоо онгойлгоод тийш байдгаараа зүтгэн, “Та түрүүлээд гарч болноо” гэж хэллээ. Гэвч миний хэлсэн сайн хүрээгүй юм уу, ямартай ч сонсохгүй байгаа бололтой. Би үгээ дахин том дуугаар давтаж хэлсэн боловч чих нь хатуутай болохыг настаны зангаанаас ойлгов. Тэр хооронд арын тэрэгнүүд сигналаа орилуулж эхэллээ. Гарцан дээр нилээдгүй хүлээлгэчихсэн болохоор уцаарлацгааж байсан биз. Тэгээд чих дэлсэм сигналийн чимээ л чихэнд нь хүрсэн бололтой, настан сандран дугуйтайгаа цуг зам тавин хойш ухарлаа. Надад ч гарцаар гарч одохоос өөр арга байгаагүй юм даа.

Саеко толгойгоо өндийлгөлөө. Нүдний өмнө нөхөр нь яриагаа юу гэж төгсгөхөө олж ядан тэвдүүхэн харагдана.
- Миний тухай ямар бодолтой байдгыг чинь мэдэхгүй ч би шударга сайхан амьдарч яваа жирийн л хүн. Судсаар нь цус гүйдэг энгийн л нэгэн төрөлтөн.
Нөхрийн үгийг Саеко анхааралтайгаар сонсоно. Ямар нэгэн юм хэлэхээр үг хоолой дээр нь гарч ирсэн боловч, тэрнийгээ мөн л чимээгүйхэн залгичихлаа. Давс амтагдсан далайн салхин нөхрийн хөлс нэвчсэн цамцны захыг хааш яйш болгоно. Саеко гараа сунган захий нь засаж өгөөд, халаасандаа хийсэн гарын нь дагуулан өөрийнхөө гарыг шургуулаад
- Юутай ч алхацгаах уу даа хө, сайхан алхацгаая.
Хоёул дахин алхацгаалаа. Аль аль нь хий нь гарчихсан аятай итгэл муутайхан хөлөө зөөн алхах боловч, нөхрийнхөө алхамыг эхнэр Саеко сайн мэдэх билээ.

Орчуулсан Б.Мумчухал

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1616

Бүлэг: Өгүүлэл

Сайдууд аа, түшиг болоогүй дарга нартаа л уурла

Б.Эрдэнэбаяр, Парис хот

Одоо л нэг сэрцгээж байгаа дарга нарыг хараад харамсмаар байгаа ч, хожуу ч гэсэн хийж эхэлж байна даа гэж бодож, зарим нэгэн асуудалд санаа авах болов уу хэмээн энэ өгүүллэгийг бичиж байна.

Энэ өгүүллэг бол зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд хэн нэгэн албан тушаалтан руу дайрсан, хичээнгүйлэн хийгээд байгаа ажлыг гутаан доромжилсон зорилго, агуулгагүй гэдгийг урьдчилан анхааруулъя. Манай улсад анх удаа учирсан 7 сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх нь аль ч нийгэмд болон улс оронд тохиолддог л үзэгдэл, үйл явдал юм. Харин эл үйл явдлыг нийгэмд хал балгүйгээр хэрхэн зохицуулж байдаг вэ гэдгийг сонирхож судлах, улмаар суралцвал хожим өөрт тохиолдох ижил төстэй үйл явдлаас яаж “хуурай” гарах вэ гэдэгтээ бэлтгэж байна гэсэн үг юм л даа.

Биеэ даасан аюулгүй байдлын бодлого, тогтолцоотой улсад ямарваа нэгэн шалтаг, шалтгаанаар нийтийг хамарсан үймээн, самуун гарч болох, гаргаж байгаа нөхцөл байдалд нийгэм, эдийн засгийн хор хохирол учруулахгүйгээр зохицуулах, саармагжуулах төрийн чадвар чадавхи заавал байдаг л даа. Харин үүнийг өөрийн үндэстэн, соёл, уламжлалдаа тохируулан хэрхэн нийгэмд ойлгогдохоор зохион байгуулах вэ л гэдэг нь төрийн шийдвэрлэх асуудал юм.

Миний энэ өгүүлэлд нийтийг хамарсан үймээн, самууныг дарах, зохицуулах удирдлага, менежментийн хууль эрх зүйн орчин, төрийн байгууллалтын тогтолцоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, арга ажиллагаа, төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа гэсэн зарим нэгэн үндсэн ойлголтыг европын зарим орны туршлага дээр тулгуурлаж мэдээлэх болно.

Уг нь бол хууль эрх зүйн орчин нь манайд байгаа юм л даа. Бүр “Үндсэн хууль”-ндаа иргэн төрөөр хамгаалуулна, амьд явна, түүнийгээ төрөөр хангуулна энээ тэрээ гээд заачихсан. Энэ бол уг заалтын хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллага гэдэг юмыг байгуулаад улсын төсөв буюу иргэний татвараар өчнөөн алба хаагчийг цалинжуулаад байж байдаг юм. Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл гэх мэт шууд болон шууд бус хамааралтай байгууллагууд нилээд байна.

Тэдгээр байгууллагууд нь албан үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй гээд баахан хууль, дүрэм, журмуудыг батлуулаад авчихсан байдаг. Хэрэв ажлаа сайн мэддэж байдаг бол ямар нөхцөл байдалд хэр зэрэг хүндрэлтэй үүрэг гүйцэтгэх вэ гэдгээ урьдчилан хараад энэхүү хууль эрх зүйн орчиноо улам бүр чамбайруулаад л сууж байх үүрэгтэй улсууд. Түүнээс биш, “...анх удаа ийм юм боллоо, цочирдоод балмагдчихлаа...” гэсэн ухааны юм яриад хэнэг ч үгүй мэлзэж, “тэртусмаа биеэ өмөөрч” болохгүй л байхгүй юу. Чадаагүй нь ард иргэдэд илэрхий болсон. Татварын мөнгөөр санхүүжиж байгаа л бол гэнэт “сар луу нис” гэсэн ч гүйцэтгэх бэлэн чадвартай л байх ёстой юм л даа.

7 сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх төрийн байгууллалтын тогтолцоо нь шийдвэр гаргах дээд түвшиндээ Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхий сайд, түүний танхим байна.
Хэрэгжүүлэх дунд түвшиндээ Яамд хоорондын шуурхай удирдлагын төв, аймаг, нийслэлийн шуурхай удирдлагын нэгдсэн төв, доод түвшиндээ эрхэлсэн сайдын үйл ажиллагааны хүрээнд байгаа яам, газрууд юм.
Түүнээс биш Мөнх-Оргил гэдэг сайд ч эцэстээ үүрээд байх хариуцлага биш. Засгийн газар нь “онц байдал тогтооё” гээд шахчихаар “хэрэгжүүлэх бүтэц, хүч хэрэгсэл нь найдвартай юу” гэдгийг тооцоололгүйгээр, тооцоолоогүй ч гэж дээ, албан тушаал хуваарилж байхдаа энэ нөхөр дараа нь надад ажил хийж өгөх, өгөхгүй юү” гэдгээ ямар ухамсарлах ч биш дээ, Ерөнхийлөгч нь “онц байдал” зарлачихсан учраас л Мөнх-Оргил шаварт уначихсан байхгүй юу.

Франц Улсад “Онц байдал” зарлахтай холбогдолтой эрх зүйн хоёр баримт бичиг, нийгмийн хэв журмыг сахиулахтай холбогдсон эрх зүйн долоон баримт бичиг байдаг юм байна. Тэгэхэд бид эрх зүйн орчинг нь тэр шөнө хэр зэрэг хайж гүйлдлээ дээ чааваас.
Нийтийг хамарсан үймээн самуунаас урьдчилан сэргийлэх, намжаах үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг бид урьдаас хааж боох, хорих цагдахаар ойлгоод байна. Хэрэвзээ ардчилсан төр байгуулаад “азийн жишээ улс” болчихоод байгаагаа гайхаад байгаа бид ийм тайлбар дахин гаргах юм бол “авилгаараа толгой цохиж байгаагийнхаа нэгэн адил, “хунтын дэглэмийн технологи”-оороо цууд гарахад ганцхан алхам л дутуу шүү гэдгээ санаж явцгаая.

Яамд хоорондын шуурхай удирдлагын төв, аймаг, нийслэлийн шуурхай удирдлагын нэгдсэн төвийн өдөр тутмын үйл ажиллагаа бол ээдрээтэй нөхцөл байдал үүсэх үед янз бүрийн байгууллагын төлөөллийг яаж хоорондоо хэл амаа ололцож ажиллуулах вэ гэдгээ ярилцаад, тохиролцоод, шаардлагатай бүтэц, зохион байгуулалтыг санаачлан бий болгож байх ёстой юм. Үүн шиг амархан юм уул нь алга л даа. Даанч “цомхон, чадварлаг” гэсэн үл ойлгогдох лозунгаар бүхнийг чадагч ажлын байрууд гаргачихсан, түүнд нь байгаа хөөрхий залуу бүгдийг бантагнуулахаас өөрөөр юу ч гүйцэд хийж чадахгүй сууж байна. Ямар биеэ хуваалтай биш, яаж ч хүрэлцэж хийх вэ дээ.

Асуудал эрхэлсэн сайдын үйл ажиллагааны хүрээнд байгаа яам, газрууд “за манай нэр дээр л тушаал ирчихгүй бол...” гэж ханцуйдаа залбираад цахлаад байх нь тусгүй юм. Дээрх удирдлагын нэгдсэн төвийг мэргэжсэн албан хаагчаар хангах, өөрийн байгууллагын хүрээнд өдөр тутам хэрэгжүүлэх ажил, сургалт, зааварчилгаагаа чанартай зохион байгуулах, хэцүү үед ажиллах тохиргоогоо тайван үед өөртөө болон өрөөл бусадтай хийж баймаар байна.

Нийтийг хасарсан эмх замбараагүй байдал, үймээн самуунтай тэмцэх хүч хэрэгсэл, арга ажиллагаа үнэндээ манай улсад алга. Уучлаарай манай дотоодын цэргийнхэн минь. Та нарыгаа муулах гэсэнгүй. 7 сарын 1-нд харсанаа энд францын ижил төстэй байгууллагын сургалт, хүч хэрэгслийг зориуд очиж үзэж, өөрийн биеэр сургалт, дадлагад нь оролцож, нулимс асгаруулагчаар хэдэн өдөр амьсгалсаны дараа ингэж хэлж байна шүү. Бид ёстой л “Өглөө” кинонд гардаг Гүржавыг эмчилдэг модон чагнууртай орос доктор гэдэг шиг маш эрсдэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа дотоодын цэргийнхнийгээ туйпуу нисэж ирээд бут цохиж бариултай нь үлдээдэг хуванцар бамбайнаас өөр юмгүй л байлгаж байна.
Цэрэг ч гэсэн хүн л юм чинь, дальдчина, нуугдана ш дээ. Хэрэв толгой нь хамгаалалтгүй, хувцас нь шатчих гээд, гутал нь нороод байвал...
Жагсагчид чулуу шидвэл юугаар хаах, юу өмсөх, гудамжийг яаж хаах, нулимс асгаруулагчаар хэзээ харвах, галт зэвсгээс юугаараа халхавчлах, бие биенээ хэрхэн хянаж явах гээд асар их арга ажиллагаа, тактикын шийдэлтэй шийдвэрүүдийг шаарддаг юм байна. Энэ бүгдийг бид хэдхэн ахлагчдаа заах уу, хэдэн хугацааны цэрэгтээ оромдуулах уу. Дээр нь бас хэв журам, цагдаагийн хамааралтай бие бүрэлдэхүүнд заах ёстой.
Ер нь бол дотоодын цэргийг дэндүү үл ойшоож, цагдаагийн суганд хавчуулж байна. Зүй ёсоороо бол дотоодын цэрэг нь харин хэв журам, замын цагдааг нь хажуудаа аваад хэрэг бүртгэлт, эрүүгийн цагдаагаас бусдыг нь залж чиглүүлж баймаар ч юм билээ. Иргэний аюулгүй байдал гэж ярих нь л үнэн юм бол...

Үймээн самууны үеийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа гэж ярьвал ёстой “хуцдагийнхаас хэдүүлээ ирсэн бэ” л гэсэн яриа болно. Болсон ч юм. Цуглаж суусан шаазгайн үлгэрийг бид хар багаасаа л яриулж эцэг, эхийн сургааль дунд сонссон. Харин амьдралд дагаж мөрдөж чадсангүй ээ даанч. Үүний муу нь жирийн иргэний амьдралд даанч их хор уршигтайгаар тусах юм даа.
7 дугаар сарын 1-ний хар үйл явдал мөн л ийм сценаритай гээч. Хэдэн цагдаагийн ажил мэтээр хойш гэдийж суусаар байгаад ямар гутамшигт, ичгэвтэр үйл явдал болголоо доо.

Тэр үйл явдлыг задалж үзье л дээ.
Нэгдүгээрт,
хэрэг явдал хаана болсон билээ? Мэдээж хэрэг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр. Нийслэлийн захирагч гэж нөхөр нүдэнд тань харагдах ёстой доо. Түүний дэргэд бүүр нутаг дээр нь бужигнаан болсон Сүхбаатар дүүргийн засаг дарга нь бөөвийгөөд зогсож байх ёстой. Түүний дэргэд нийслэлийн болон дүүргийн цагдаа, тагнуул, онцгой байдлын дарга нар зогсож байгаа нь харагдах ёстой.

Хоёрдугаарт, эдгээр албан тушаалтнууд эхний дохиогоор ажиллаад, дахин хэлье, өөрсдийн хүчээр ажиллаад хүч хүрэхээ байвал Засгийн газраас дараагийн нэмэгдэл хүчийг хүсэж авах ёстой. Харамсалтай нь энэ шөнө тийм юм болсонгүй ээ. Шууд л Засгийн газар, Ерөнхийлөгч гээд харайлдсан.
Тайван цагт, их сүржин ярьвал “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуулинд ч шаардлагатай үед байгууллага хоорондын хамтарсан зөвлөл байгуулагдсан ажиллах талаар хуульчлаад өгчихсөн байдаг. Харин манай дарга нар асуудал гарахаар уулзаж мэддэг дүр үзүүлж суудагаа хамтран ажиллаж байгаа гээд хэлчихдэг. Хэлчихдэг ч юу байхав, дээд түвшний удирдлагын амыг хаадаг.

Эдгээр хуульд заасны дагуу аливаа асуудалд хамтран ажиллах зөвлөлийг чинь тайван цагт нь хэн оролцож асуудлыг гартаа барьж ажиллах вэ, тэр нь аль байгууллагад хэн байх вэ, тэр албан тушаалтантай өөр ямар байгууллагын хэн гэдэг албан тушаалтан хамтран ажиллах вэ, тайван үед эдгээр хүмүүс хэрхэн биенээ таньдаг болох вэ, ямар журам, заавраар албан хэргээ хөтлөн явуулах вэ, шуурхай нөхцөл тохиолдоход хэн нь хэнийгээ дуудаж бэлэн болгох вэ зэрэг түмэн асуултанд хариулж ярилцаж суух ёстой баймаар юм даа. Лав л бүх юм нь жигд хөгжиж бие биендээ хариуцлага тооцож сурсан гадаад улсууд л лав тэгж ажилладаг юм билээ.
Гуравдугаарт, удирдлагын тодорхой нэгжийн ажиллагаа мэдрэгдээгүй. Манай улсад том дарга нар нь тэнгэрээс унасан маш ухаантай хүмүүс учраас асуудлыг бүгдийг цээжээр мэдэж, газар дээр нь учрыг олж хужрыг тунгаадаг аюултай. Дор нь алба хааж буй албан тушаалтнуудад хийх ажил ч “үлдээдэггүй” гээч. Тийм ч учраас заримдаа албаны журам, дүрмийг уландаа гишгэж дураараа ёс бус зүйл хийчихээд буруутаад ирэхээр хэн нэгний толгойг цавчиж байж амь аврагдана.

Гадаадын улсуудад шинээр өндөр албан тушаалд томилогдсон дарга нарыг албан тушаалын сургалтанд хамруулж төрийн албаны учир начир, хамтран ажиллах дадлага чадварт сургадаг юм билээ л дээ. Харин манайд бол, залуу насандаа үзсэн номынхоо инерциэрээ тэтгэвэрт гартлаа зүтгүүлээд, сүүлдээ хийхээсээ рекламдаж, сурталчилах нь ихэссэн өндөр албан тушаалтнаар л манай улс дүүрсэн шүү дээ.
Шалгалтынхны эцэст нь анзаарах асуудал бол 7 дугаар сарын 1-нээс сургамж аваад байгууллагынхаа чадавхийг сайжруулах талаар нухацтай хэрэгжүүлж байгаа ажил байна. Бидний ярьдгаар “төлөвлөгөө гаргасан” гэдэг хоосон үгнээс өөрөөр шүү дээ.

Алив юм болгон дээр алдаа, доголдлынхоо араас нь хөөж ажилласаар байх юм бэ? Үүний цаана албан тушаалтан хохирох уу, үгүй ээ, ард иргэд л хохирлыг үүрч үлдэнэ шүү дээ.
Их Хурлын ажлын хэсгийнхэн хальт ч болов энэ эссьег минь хараасай билээ. Арьсаа хамгаалах гэж нохой нь сүүлээ, сүүл нь хонхорцогоо гэцгээж байхаар...

  • Бичсэн erdenebayar
  • Үзсэн: 725

Бүлэг: Өгүүлэл

Байгалийн баялагийн хараал ба Монгол

Өгүүллийн эхний хувилбар Британийн Монголчуудын Монгол Орны Хөгжилд Тавдугаар чуулга уулзалтад тавигдсан. Энэхүү өгүүллэгийг бичих явцад тоо материал, санал бодлоо хуваалцсан Сандуйжавын Дөлбадрах, Reyer Gerlagh, Bernard Walters нарт талархсанаа илэрхийлье.

Товч Хураангуй

Уламжлалт эдийн засгийн онол болон аж үйлдвэржилтийн хувьсгалын түүхээс аливаа үндэстэн баялаг ихтэй байх тусмаа хурдацтай хөгжих зүй тогтол харагддаг. Үнэхээр ч Америк, Канад, Англи, Норвеги улсуудын хөгжил цэцэглэлтийн нэг тулгуур нь арвин их ашигт малтмалын ордууд нь байсан билээ. Гэвч бидний хувьд харамсалтай, цаашилбал сэтгэл зовоосон “байгалийн баялагийн хараал” хэмээх үзэгдэл 1990-ээд оноос хойш олон нийтийн анхаарлыг ихээр татах болжээ. Энэхүү нийтлэлд энэ үзэгдэл юунаас үүдэлтэй юм, Монгол улсад энэ нь хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлаж, бид яавал зохилтой талаар санал бодлоо дэвшүүлж байна. (pdf эхээр нь татаж авах)

Оршил

Сүүлийн 30 гаруй жилд ямар ч байгалийн баялаггүй улсууд, жишээ нь, Aзийн бар гэгдэх Сингапур, Өмнөд Солонгос, Тайван, Хонг Конг үсрэнгүй хөгжиж  байхад арвин их нөөц баялагтай Африк, Латин Америк, Ойрх Дорнодын улсуудын эдийн засаг нь туйлын чамлалттай өсөж, тэр ч бүү хэл, доройтох болсон билээ. Энэхүү үзэгдлийг “байгалийн баялагийн хараал” хэмээн нэрлэдэг. Энэхүү “хараал” ёсоор өнөөгийн даяаршлагдсан эринд аливаа улсын эдийн засаг хэдий хэмжээгээр түүхий эд, тэр тусмаа олборлох салбараас хамааралтай байна төдий хэмжээгээр эдийн засгийнх нь хэтийн төлөв бүрхэг болдог гэдэг. Гэхдээ энэхүү үзэгдлийг нийтээр хүлээн зөвшөөрдөггүйг дурдах хэрэгтэй. Эсэргүүцэгчдийн гол санаа нь "эдийн засгийн бодлого муутай улсуудад олборлох салбараас өөр салбарууд оршин тогтнох боломж бүрддэггүй". Гол буруутан нь тэгэхлээр баялаг бус эдийн засгийн буруу бодлого, цаашилбал институцүүдийнх нь дорой чадавхи юм гэж үздэг. Байгалийн баялагийн хараал үнэн ч бай, худал ч бай, 2008 оны байдлаар нийт экспортынхоо 84% (1992 онд 50.2% байсан), дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ (ДНБ) 28% (1996 онд 10.4% байсан) орчимыг олборлох салбараас олж буй манай улсын хувьд энэхүү асуудалд нухацтай хандах цаг болжээ.[1]
Энэхүү нийтлэлийг би Монгол улсын өнөөгийн болон ирээдүйн эдийн засагт байгалийн баялаг ямар уршиг дагуулж болохыг тайлбарлаж, үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар Монголчууд бид бүгдээрээ хэлэлцэж эхлээсэй хэмээн найдаж бичлээ.
Нийтлэлийн 1-р хэсэгт байгалийн баялагийн хараал гэж юу болох талаар, удаах хэсэгт энэ үзэгдэл юунаас болж үүсээд байгааг, 3-р хэсэгт энэ нь Монгол улсад ямар байдлаар илэрч байгааг, төгсгөл хэсэгт дэлхийн шилдэг эдийн засагчид болон нийгмийн зүтгэлтнүүдийн зүгээс буурай хөгжилтэй бөгөөд байгалийн баялагаас асар их хараат улсуудад өгч буй зөвлөмжүүдийг дурдаж мөн өөрийн санал бодлоо илэрхийлэх болно.
1. Байгалийн баялагийн хараал гэж юу вэ?
Байгалийн баялагийн хараал гэж "өнөөгийн даяаршсан ертөнцөд байгалийн арвин их баялагтай улсууд түүнийгээ улс орныхоо эдийн засгийн хөгжил, цаашилбал хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ашиглаж чадахгүй байгаа үзэгдлийг" нэрлэдэг.
Зураг 1. Байгалийн баялагаас хараат байдал болон
эдийн засгийн өсөлт
Зурагийн хэвтээ тэнхлэгт 1970 онд ҮНБ-д эзлэх байгалийн баялагийн экспортын хувь, босоо тэнхлэгт 1965-1990 оны дундаж ДНБ-ий өсөлтийн хувийг үзүүлж байна. Зурагт нийт 87 улсыг цэгээр дүрсэлсэн бөгөөд хуучин Социалист орнууд болон тоо баримт нь хангалтгүй улсуудыг оруулаагүй. Эх үүсвэр: Mehlum, Moene and Torvik (2006). Mонголд зөвхөн олборлох салбарын ҮНБ-д эзлэх хувь 1997 онд 36%, 2008 онд 43% болжээ.  1997-2008 оны дундаж хамаарал 0.36, ДНБ-ий дундаж өсөлт 6% байна. [2]
Зураг 1 энэхүү үзэгдлийг дүрслэн харуулж байна. Энд тоо баримт нь найдвартай дэлхийн 87[1] орны 1970 оны Үндэсний Нийт Бүтээгдэхүүнд (ҮНБ) эзлэх байгалийн баялагийн экспортын хувь болон 1965-1990 оны Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийх (ДНБ) нь дундаж өсөлтийн хурдын хоорондын хамаарлыг харуулж байна.[2] Зураг дээрх цэг болгон нэг улсыг төлөөлж байгаа бөгөөд байгалийн баялагаас хараат байх тусам эдийн засгийн өсөлт нь сул, олон тохиолдолд бүр агшиж байсныг харж болно. Энэхүү гайхал төрүүлэм баримт өдгөө хөгжлийн эдийн засагчдын хамгийн их сонирхол татсан асуудал болжээ.

Эх үүсвэр: Дэлхийн Банк, Дэлхийн Хөгжлийн Үзүүлэлтүүд, (World Development  Indicators, various issues) Reyer Gerlagh-ийн цуглуулсан тоо баримт. Зурагт хоорондын зөрөөг харьцуулахын тулд нэг хүнд ногдох ДНБ-ээс логарифм авсан болно. [3]

Тэдний гаргасан дүгнэлтээр энэхүү сөрөг хамаарал (зурагт шулуун шугамаар дүрслэгдсэн) нь статистикийн хувьд хүчинтэй, нэлээн тогтвортой аж. Уг хамаарал зөвхөн энэ хугацаанд ч бус сүүлийн үеийн тоо баримтын хувьд ч хүчинтэй [3], байгалийн баялагийн экспортоос хараат бус улсуудыг нь хасвал бүр л их хүчтэй [4], мөн бидэнтэй хамт шилжилт хийсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн улсууд, зүүн Европын улсууд [5] болон дэлхийн хамгийн хүчирхэг улс гэгдэх АНУ-ын доторх мужуудыг авч үзсэн ч мөн л ажиглагдаж байх аж [6]. Жишээ нь, ОПЕК буюу Газрын Тос Олборлогч Улсуудын Нийгэмлэгийн гишүүн улсуудын нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт нь 1965-1998 оны хооронд өсөх биш харин ч жилд дунджаар 1.3% аар буурч [7], асар том нефтийн олборлох салбартай Венесуэл улсад энэхүү баялаг нь байхгүй байсан бол “хараал” хүрэлгүй, нэг хүнд ногдох ДНБ нь 14%-аар өндөр байх байсан ажээ [4]. Нөгөө талаас үүний эсрэг гарсан арай сүүлийн үеийн үзлээр [8] байгалийн баялагаас хараат байна гэдэг нь анхдагч бус, Засгийн Газрынх нь арчаагүй бодлого анхдагч юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодлого буруу үед олборлох салбараас нь өөр ямар ч салбар оршин тогтнох боломжгүй гэж үздэг. 

ДНБ-ний жилийн өсөлт. 5 жилийн жигнэсэн дундажийг гаргахад 0.33, 0.77, 1, 0.77, 0.33 гэсэн коефициентүүд ашиглав. Эх үүсвэр дээрх зурагийнхтай ижил.

Бодлогын салбарт энэхүү асуудал мөн л асар их анхаарал татаж байна. Олон улсын тусламжийн байгууллага болох Оxfam [9] хөгжиж байгаа улсуудад олборлох үйлдвэрлэлийг дэмжихгүй байхыг хөгжингүй улсуудын Засгийн Газрууд, Олон улсын байгуулагуудад уриалж, Дэлхийн Банкнаас санхүүжүүлж бие даасан судлаачдаар хийлгэсэн Олборлох Салбарын Тоймд [10] олон улсын санхүүгийн байгууллагууд 2008 он гэхэд гишүүн орнууд дахь шингэн түлшний төслүүдэд олгох зээлийг зогсоож бусад олборлох салбаруудын зээлийг хязгаарлахыг зөвлөж байсан. Үүний дараахан нь харин тухайн банкны удирдлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас уг зөвлөмжийн дүгнэлтийг үгүйсгэж “удирдлага ... газрын тос, байгалийн хий, олборлох үйлдвэрүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх бөгөөд эдгээр нь олон ядуу улсуудын хөгжлийн чухал хэсэг юм” хэмээжээ [11].
Энэ нь бидний хувьд юу гэсэн үг вэ? Юуны өмнө хэрэв энэхүү байгалийн баялагийн хараал үнэн бол бид уул уурхайд тулгуурласан эдийн засгийн өнөөгийн тогтолцоогоо эргэн харах хэрэгтэй гэсэн үг юм. Жишээ нь Зураг 1-т Монгол улсыг оруулбал Монгол Улсын түүхий эдээс хараат байгаа байдал 36% буюу энэхүү графикт дүрслэгдсэн 87 улсаас зөвхөн дайн дажин, үймээн самуунаас салдаггүй Африкийн улсууд болох Замби, Гайана, Гамби улсуудаас л арай дээр байна. Мэдээж Монгол Улсын тоо зөвхөн 12 жилийн үзүүлэлтэд тулгуурласан бол бусад улсынх даруй гурав дахин урт хугацааны хамаарлыг харуулж байгаа. Гэвч Оюу Толгой болон бусад томоохон ордуудыг шавхан дуусах 30 гаруй жилийн дараа Монгол Улс бусад аль ч улсаас илүү түүхий эдийн бааз болон хувирсан байх бизээ. Цаашилбал нэгэнт бид түүхий эдээс улам их хамааралтай болох тусам эдийн засгийн өсөлт хумигдах учир 1997-2008 оны дундаж өсөлт болох жилийн 6% сөрөг болохын тулд бидний өмнө он удаан жилийн эдийн засгийн доройтол нүүрэлж байна гэсэн үг болно. Зураг 2, 3- ч үүнийг л зөгнөх аж. Зураг 2-т нэг хүнд ногдох ДНБ 1960-2006 онд хэрхэн өөрчлөгдөж ирсэнийг харуулж байна. 1970-аад оны эхнээс 90-ээд оны эхэн хүртэл дэлхийн бүх улсууд, тэр дотроо ямар ч байгалийн баялаггүй ядуу улсууд өсөж байхад зөвхөн байгалийн баялагаа зарж иддэг улсууд улам бүр доройтон буурч байсныг харж болно. Зураг 3-аас байгалийн баялагтаа дулдуйдагч улсууд дэлхийн эдийн засгийн уналтад хамгийн эмзэг, хямралд байх хугацаа нь хамгийн урт байгааг харж болно.
Бид үнэхээр ийм ирээдүй рүү тэмүүлж байгаа гэж үү? Энэхүү асуултанд хариулахын өмнө яагаад байгалийн баялаг өнөөдөр тэр бүр эдийн засгийн өсөлт дагуулахгүй байгааг сонирхоё.
2. Энэ бүхэн юунаас үүдэлтэй юм бэ?
Байгалийн баялаг эдийн засагт дор хаяж дараах зургаан сувгаар сөрөг нөлөө үзүүлж болно гэж үздэг.
2.1. Голланд өвчин[4]. Аливаа улс байгалийн нөөц олж, олборлож, олон улсын зах зээл дээр гадаад валютаар зарж түүнийгээ хэрэглээндээ зарцуулж эхэлснээс дотоод валютийнх нь ханш чангарч, импортын бараа бүтээгдэхүүн дотоод үйлдвэрийнхээс нь харьцангуй хямд болсноор өөрсдийн үйлдвэрүүд нь хаагдаж эхэлдэг. Түүнчлэн олборлох салбарын цалин болон хөрөнгө оруулалтын өгөөжийн түвшин бусад салбаруудынхаасаа харьцангуй өндөр болж тэдгээрийн чадварлаг боловсон хүчин болон зээлийн капиталыг өөртөө татах болсноор гадаад өрсөлдөгчидтэйгөө байнга өртөг зардлын хувьд өрсөлдөж байдаг хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрийн салбар улам доройтдог. Хэрэв баялагийнх нь олон улсын зах зээл дээрх үнэ унах юм уу, тэрхүү баялагаа олборлож дуусмагц эдийн засгийг нь авч явах ямар ч салбаргүй болж хоцорсон байх болно. Мөн аж үйлдвэрийн нэг салбарт гарсан дэвшилтэт технологи, ажиллах хүчний чадавхижилт бусад салбарууддаа тархаж байдаг бол бусад салбаруудаас орон зайн болон, бизнесийн хэлхээ холбооны хувьд нэлээн салангид олборлох салбар бусад салбаруудаас энэ талаар таслагдмал, зөвхөн өөрийн багахан, алслагдсан, хязгаарлагдмал хүрээнд л үр ашгаа өгч байдаг [4]. Нөгөө талаас энэ үед дотоод компаниуддаа лоббидуулсан Засгийн газар Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрийдлээр чөлөөт худалдааг боогдуулж, импортын тарифын болон тарифын бус хориг тогтоовол Голланд өвчний энэхүү шууд бус лобби нөлөөлөл нь эргээд нийт эдийн засгийн үр ашгийг муутгаж, өсөлтийг нь бас бууруулах болно.
2.2. Нөөцийн орлогын хувьсамтгай байдал. Байгалийн баялагаас орж ирэх орлого хувьсамтгай байдлаараа алдартай. Гэтэл энэхүү хувьсамтгай байдал нь эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж, хэрэгжсэн ч эх үүсвэрийн тасалдлаас болж үр ашиг нь төлөвлөснөөс доогуур байхад хүргэдэг. Үүнээс нь ч үндэслэн ихэнх тохиолдолд нөөцөөс орж ирэх мөнгө хөрөнгө оруулалт бус хэрэглээнд зарцуулагддаг [12]. Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг энэхүү эх үүсвэрээс санхүүжүүлэх нь цаашаа бас дам хор уршигтай. Хэрэв санхүүгийн эх үүсвэрийн доголдлоос болж төр амласан үйлчилгээгээ үзүүлж чадахгүй бол түүнд итгэх итгэл алдарч, түүнтэй хамт хуулиа дээдлэх, иргэд болон байгууллага хоорондоо хийсэн гэрээ хэлцэлээ хүндэтгэхгүй болох муу талтай байдаг. Эдгээр нь тэгтэл амжилттай эдийн засаг бүрэлдэн тогтох наад захын шаардлага юм. Орлогын хувьсамтгай, тодорхой бус байдал дараах эх үүсвэрүүдтэй:
  • Олборлох салбарын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ асар их хэлбэлзэлтэй байдаг.
  • Аливаа ордын ашиглалтын хурд байнга өөрчлөгдөж, түүнтэй холбоотой эдийн засагт орж ирэх орлого ч мөн өөрчлөгдөж байдаг. Технологийн шинж чанартай ашиглалтын хурд өөрчлөгдөхөөс гадна, тухайн орны дотоод улс төрийн хямрал мөн үүнд нөлөөлж байдаг.
  • Дээрх хоёр эх үүсвэрээс гадна олборлогч болон Засгийн газрын хоорондох татварын болон бусад гэрээ тохиролцооны улмаас татварын амралт, хөнгөлөлт, чөлөөлөлт мөн орлогын тогтворгүй байдлын эх үүсвэр болно гэж үздэг.
Oрлогын хувьсамтгай байдлаас хамгаалах зорилгоор Засгийн Газрууд “Хөрөнгө Оруулалтын”, “Тогтворжуулах” гэх мэт сангууд байгуулахыг зорих нь элбэг. Норвегийн Тогтворжуулах Сан, Аляскагийн Хөгжлийн Сангууд эдгээрийн үлгэр дуурайлал нь болдог. Гэтэл тогтворгүй эх үүсвэрээр урт хугацааны эдийн засгийн үр өгөөжтэй, тогтвортой хөрөнгө оруулалт хийнэ гэдэг амар зүйл биш. Нэгдүгээрт уг санг байгуулахад урьдчилаад хяналт шалгалтын болон мэргэжлийн өндөр чадавхи бүхий удирдлагын тогтолцоо шаардлагатай. Ихэнх хөгжиж буй, байгалийн баялагаасаа хараат улсуудад ийм институцүүд байдаггүй. Хоёдугаарт, хэзээ нөөцөөс орж ирэх орлогыг хуримтлуулж, хэзээ хэрэглэхийг шийдэх нь хэн бүхэнд тодорхойгүй. Тухайлбал, хэрэв нөөцийн үнэ ямар нэгэн түвшнээс дээш гарсан тохиолдолд хуримтлуулж, түүнээс доош унасан үед хэрэглэнэ гэcэн дүрэмтэй байлаа гэхэд нэгэнт энэхүү түвшинг байнга хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын зах зээлтэй уялдуулан оновчтой тогтооход хэцүүн улмаас үе үеийн засгийн эрх баригчид өөрсөддөө таалагдсан түшин тогтоохийг зорих болно [13]. Тодорхой хууль эрх зүй, ёс зүй, хяналтын тогтолцоо бүрэлдээгүй үед бүх талын намууд энэхүү санг нийтээрээ дэмжиж, тусгаар тогтнол, тогтвортой үйл ажиллагааг нь хангаж ажиллуулахын оронд Засгийн эрхэнд гарсан намууд нь өөрсдийн эзэлсэн байр суурийг тогтворжуулах, ирээдүйн өрсөлдөгчиддөө улс төрийн бэлэн хоол үлдээхгүйн тулд эрх барих хугацаандаа тонон, шавхан хэрэглэх сонирхолд автах нь олонтаа. Нөгөө талаас зарим улсууд олон улсын санхүүгийн зах зээл дээрээс нөөцийн үнийн өөрчлөлтөөс хамгаалах даатгал худалдан авахыг оролддог. Харамсалтай нь, энэхүү даатгалын хэлбэр нь хугацааны хувьд урт байх нь ховор бөгөөд, байсан ч тухайн улсдаа алдагдалтай байх нь олонтаа. Тухайлбал сүүлийн үед бидний жишээ авах ёстой гээд байгаа Чили улсын төрийн өмчийн Kоделко компани 1993.11-1994.01 хугацаанд фючерсийн зах зээл дээр 178 сая америк доллар алдсан байдаг [14]. Өнөөгийн дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал байгалийн баялагаа зарж орлогыг нь хөрөнгө оруулалтын сангуудад хадгалах бус газрийн хэвлийд нь байлгавал хавьгүй эрсдэл багатай байж болохыг мөн харуулах мэт.
2.3. Олборлох салбарын хэт их ашиг буюу “рент”, түүний институцүүдэд үзүүлэх нөлөө.[5] [6] Сүүлийн үед хамгийн их анхаарал татах болсон асуудал нь олборлох салбарын хэт их ашиг буюу “рент” байгалийн баялагт тулгуурлагч улсуудын институцүүдийнх нь тусгаар тогтнол, тогтвортой байдал, цаашдийн хөгжилд заналхийлж байгаа явдал юм.[7] Үүний нөлөө дараах хэлбэрүүдээр илэрдэг:
  • Авилгал. Рентийн хамгийн уршигт үр дагавар нь нийгмийн бүхий л давхаргыг хамарсан авилгал, хээл хаууль, ёс суртахууны доройтол юм. Байгалийн арвин их баялаг болон авилгалын хоорондох эерэг хамаарлыг баталгаажуулсан эмпирик болон онолын судалгаанууд ч хангалттай байна [15,16].[8] Дотоод ч бай, гадаад ч бай аливаа олборлогч компаниудын ашиг олох хамгийн эхний алхам нь нөөцийг зах зээлийн ханшаас нь аль болох доогуур авах явдал байдаг. Хяналт, ил тод байдал сул, шударгаар өрсөлдөх боломж хаагдмал үед энэ нь төрийн эрх мэдэлтнүүдэд төрөл бүрийн хэлбэрт хахууль өгөх, тэдгээр эрх мэдэлтнүүдэд нөлөөлж байдаг улс төрчдийн сонгуулийн сурталчилгаанд нь хандив өгөх зэрэг хэлбэрээр хэрэгждэг[9]. Нэгэнт асар их ашигтай олборлох эрх авчихсан аж ахуйн нэгжүүд тэрхүү эрхийг олгох болсон, түүнийг нь хамгаалж байх эрх мэдэлтнүүдийг байр сууринд нь байлгах, энэхүү байдлыг зогсоох гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоохыг оролдох нь ойлгомжтой. Хахууль зөвхөн төрийн албан хаагчид руу чиглэгддэггүй. Асар их санхүүгийн эх үүсвэр дагуулсан албан тушаал эзэмших болон түүнийгээ хадгалж байхын тулд эрх мэдэлтнүүд болон улс төрчид хүн амын тодорхой хэсгийн дэмжлэгийг авч байх хэрэгтэй. Тиймээс тэдэнд зориулж тусгай нийгмийн халамжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, төрөөс санхүүжүүлсэн шинэ ажлын байр бий болгох мэтийн популист алхамууд байнга хийгдэж байдаг. Үр дүнд нь мэргэжлийн чадвар, ёсзүйгүй, эдийн засгийн үр муутай хэтэрхий том төрийн аппарат, хуваагдмал хүн ам үүсэх аюултай.[10]
  • Эзэмшлийн төлөөх тэмцэлдээн. Байгалийн баялаг оршиж байгаа орон нутгийн болон төвлөрсөн засаг захиргааны хооронд хэрхэн хувь хүртэх талаар санал зөрөлдөх нь олонтаа. Уугуул нутгийн хүмүүс нь газарт орох, олборлолтоос үүдсэн бохирдолоос болж хохирсныхоо төлөө илүү их хувь хүртэхийг эрмэлзэж байхад нийт хүн ам түүнээс ижил хэмжээгээр хүртэх сонирхолтой байдаг. Үүнээс гадна засаглал дотроо, яам агентлагууд, газруудын хооронд санхүүжүүлтийн эх үүсвэр, захиран зарцуулах эрхийн төлөөх тэмцэлд хүргэж нийт төрийн удирдлагын системээ муутгах аюултай байдаг. Үр дүнд нь байгалийн арвин нөөц болон- ардчилсан нийгмийн хөгжилийн хооронд сөрөг хамаарал [17]; зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн гарах магадлалын хооронд эерэг хамаарал байх ажээ [18]. Хэн хүний нүд унагасан эзэмшлээ алдчихгүйн тулд эрх баригчид эдийн засгийн үр ашиггүй асар их зардал гаргаж байдаг. Жишээ нь, байгалийн тос олборлогч улсуудын зэвсэгт хүчин, цагдаагийн зардал бусад улсуудаас 2-10 дахин илүү байдаг [19]. Аливаа улсын инстиуцүүдийн бутралын хамгийн том жишээ нь дайн, иргэний зэвсэгт мөргөлдөөн. Тэгвэл Collier and Hoffler (2005) байгалийн ямар ч баялаггүй улсад иргэний мөргөлдөөн гарах магадлал нь 0.5% харин байгалийн баялагийн экспорт нь ДНБ-ийх нь 26% эзэлдэг улсад энэхүү магадлал нь 23% гэж тогтоосон байдаг.
  • Төр ард түмний хоорондын холбоо тасрах. Улс төр-эдийн засгийн онолоор төр, ард түмэн хоёрыг холбогч хамгийн хүчтэй холбоос нь татвар. Ард түмэн татвараа төлж хариуд нь төрийн үйлчилгээг авч байдаг. Нөгөө талаас төр татвараа бүрэн, бага зардалаар хураан авч, оновчтой захиран зарцуулахын тулд цомхон бөгөөд хүчирхэг татварын (төрийн) институц(үүд)тэй байх хэрэгтэй. Энэхүү харилцаа нь төрийн түүхэн хөгжлийн гол түлхүүр гэгддэг. Байгалийн баялагын орлого ихэссэн үед төрд нийт ард түмнээс орж ирэх татварын орлогын ач холбогдол буурч хяналт шалгалт султай байгалийн баялагийн орлогыг илүү эрхэмлэх болно. Нэгэнт харьцангуй бага татвар төлөх болсон ард түмэн төрөө хянаж шалгах эдийн засгийн хөшүүрэггүй болж үр дүнд нь төр ард түмний хоорондох холбоос сулрах, цаашилбал төрийн аппарат хяналт шалгалтгүйн улмаас улам доройтож байдаг [20], [26].
Хүчирхэг институцүүдтэй улсууд харин авилгал, эзэмшлийн төлөөх тэмцэлдээнийг зогсоож, нөөцөөс орж ирэх орлогоо нийт эдийн засгийнхаа шингээх чадварт тохируулан бусад салбарт муу нөлөө үзүүлэхгүйгээр зарцуулан байгалийн баялагаа хөгжлийн түлхүүр болгон ашиглаж болно гэдэг [21],[22]. Жишээ нь, доорх зурагт Зураг 1-т дүрслэгдсэн улсуудаас байгалийн баялагаас хамгийн их хараат 42 улсыг нь ялган авч инстиуцүүдийнх нь чадвараар ангилвал зөвхөн муу институцүүдтэй улсуудад л хараал тусаж байгааг харж болно (ө.х. Зурагийн А хэсэгт ашигт малтмалын экспорт ҮНБ-тэй нь харьцуулахад их байх тусам эдийн засагийн өсөлт нь суларч байхад Зурагийн Б хэсэгт институцийн хөгжил сайн улсуудад тийм статистикийн хувьд хүчинтэй хамаарал байхгүйг харуулж байна). 
Зураг 4. Байгалийн баялагийн хараал ба институцүүдийн чадавхи
 
Энэхүү зурагт нөөцийн экспорт нь 1970 онд ҮНБ-ний 10-аас дээш хувийг эзэлж байсан 42 улсыг институцүүдийнх нь чанараар муу (А хэсэг), сайн (Б хэсэг) гэж ялгаж улс бүрийг цэгээр дүрсэлсэн. Монгол Улсын Институцийн чанарын индекс 2005-2008 онуудад 3.1, 3.13, 3.09, 3.08 ранк нь 96, 105, 120, 121 байсан (индекс өндөр, харин ранк бага байх тусам сайн).
 
2.3. Өрийн хямрал. Институцүүдийн чадавхи дорой нөхцөлд байгалийн баялаг өрийн хямралд хүргэх нь олонтаа. Мексик, Нигери, Венесуэлын 80 аад оны жишээнээс бид үүнийг харж болно. Нөөцийн олон улсын зах зээл дээрх үнэ бага зэрэг буурахад л нөөцөөс хараат Засгийн газрууд зардлаа танах хэрэгтэй болдог. Гэвч популист бус алхам хийгдэх боломжгүй нөхцөлд энэ нь ихэнх тохиолдолд гаднаас зээл авах замаар санхүүжигддэг. Уул санаа нь нэгэнт л байгалийн баялаг байгаа юм чинь түүнийгээ барьцаалж олон улсын санхүүгийн байгууллагууд, зах зээл дээрээс зээл аваад түүнийгээ дэд бүтэц, хөрөнгө оруулалтад зарцуулах. Зээлдүүлэгчдийн зүгээс муу юм болоход баялагаа зараад зээлээ төлчихнө гэсэн үндэслэлээр байгалийн баялаггүй улсуудтай харьцуулахад илүү зээл олгох сонирхолтой байдаг[11]. Харамсалтай нь, нэг талаас хэдий хэмжээний зээл, ямар хүүтэйгээр авч, хэр үр ашигтай захиран зарцуулагдаж буйг нь хянаад, удирдаад явах чадалтай институцүүд байдаггүй. Нөгөө талаас олонхи тохиолдолд, зээлийн орлого нөөцийн үнэ харьцангуй өндөр үед орж ирж, дотоод валютынх нь ханшийг чангатган үр ашиггүй хэрэглээнд зарцуулагдах, бүр зориулагдсан төсөлдөө биш хэн нэгний хувийн хөрөнгө болон хувирчихдаг. Дэлхийн эдийн засгийн хямралын үед нөөцийн үнэ шалдаа буучихсан, эсвэл хүүгийн түвшин өссөн үед бүх зээлдүүлэгчид зэрэг зээлээ буцаан татахад зээл авсан улсад нь эргүүлэн төлөх хөрөнгө гаргах нь бүү хэл дахин илүү хөрөнгө шаардлагатай болсон байдаг[12].
 
2.4. Боловсрол, дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтын доройтол. Олон улсын туршлагаас ажиглагдсан өөр нэг үзэгдэл бол байгалийн нөөц баялаг ихтэй улсуудад боловсрол, дэд бүтцийн хөрөнгө оруулалт дутмаг байдаг явдал юм [23],[24]. Аливаа эдийн засаг олон улсын өрсөлдөөнт зах зээлээс хамааралтай, олон төрөлт эдийн засгийн салбаруудтай үед Төр болон Засгийн газар оршин тогтнохын тулд тэдгээр салбарууддаа ажиллах хүчийг олон улсын түвшинд өрсөлдөхүйц боловсролтой болгох, шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмших боломжоор хангах, дэд бүтэцээ хөгжүүлж, тордож байх шаардлагатай байдаг. Тэгвэл нийт орлогынх нь ихэнх хувийг ажиллах хүчнийх нь өчүүхэн хэсгийг ашиглан, олны нүднээс далд орших олборлолтын салбар оруулдаг улсын Засгийн газрууд энэхүү асуудал дээр сайнаар бодоход санамсаргүй, муугаар бодоход боловсролгүй, дорой ард түмнийг удирдахад хялбар учир назгайрах, хайнга хандах нь даанч олонтаа тохиолдох аж. Энэхүү ужиг нь богино хугацаанд хүчтэй мэдрэгдэхгүй ч урт хугацаанд эдийн засгийн бүтэц нь салбарлаж, төрөлжих боломжийг хаагдуулдаг байна.
2.5. Худалдааны тэнцлийн доройтол. Пребиш-Зингерийн (Prebish-Singer) таамаглал гэж нэрлэгддэг энэхүү үзэгдэл нь түүхий эдийн үнэ, үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний үнээс удаан өсдөг гэсэн таамаглалд үндэслэдэг. Хэрэв аливаа эдийн засаг түүхий эд экспортолж олсон мөнгөөрөө бусад бараа бүтээгдэхүүн импортолдог болбол энэ нь тодорхой тоо хэмжээний бараа бүтээгдэхүүнийг импортолж хэрэглэхийн тулд улам их олборлолт хийх шаардлагатай болно гэсэн үг юм. Үүнийг шууд утгаар нь ойлгож хэрэгжүүлсэн импортыг орлуулах аж үйлдвэржилтийн бодлогууд удаа дараа нуран унаж байсан. Инфляцийн нөлөөг хассан бодит үнийн мэдээллийг ашиглан хийгдсэн сүүлийн үеийн судалгаанууд энэхүү үзэгдлийг дэмжих нотолгоо олдохгүй байгааг харуулж байгаа [25],[8].
 

Тэмдэглэл
1. 2008 оны тоо нь Үндэсний Статистикийн Хорооны (ҮСХ) 2008 оны эмхэтгэлээс, 1992, 1996 оны тоог ҮСХ-ны Статистик 80-жил эмхэтгэлээс авав. Бүгд оны үнээр, Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнд эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийг оруулав.
2. ҮНБ-д эзлэх олборлох салбарын хувийг Хашчулуун et. al (2009)-ийн Уул уурхайн салбарын нийт экспортод эзлэх хувь хэмжээг IMF Financial Statistics-ийн ҮНБ-д эзлэх экспортын хувь хэмжээгээр үржүүлж гаргаж авсан.
3. Brunnschweiler and Bulte, 2008
4. Sachs and Warner, 1999
5. Kronenberg, 2004
6. Papyrakis and Gerlagh, 2007
7. Gylfason, 2001
8. Alexeev and Conrad, 2009
9. Oxfam, 2001
10. World Bank, 2003
11. World Bank, 2004
12. Atkinson and Hamilton 2003
13. Davies, et al, 2001
14. Quiros, Hassey, 1997
15. Leitte, Weidmann, 1999
16. Sala-i-Martin and Subrimanian, 2003
17. Ross, 2001
18. Collier and Hoffler, 2005
19. Humphreys et.all, 2007
20. Karl,1997
21. Stiglitz, 2007
22. Mehlum et al., 2006
23. Gylfason, 2001
24. Birdsall, Pinkney, and Sabot, 2001
25. Harvey, Kellard, Madsen, Wohar, 2009.
26. Ross, 2004
Ашигласан Материал
Alexeev, M., and Conrad, R. 2009. The elusive curse of oil. Review of Economics and Statistics хэвлэлтэнд байгаа,
Atkinson, G. and Hamilton, 2003. Savings, growth and the resource curse hypothesis, World Development 31(11), 1793-1807,
Birdsall, N., Pinckney, P. and Sabot, R. 2001. Natural resources, human capital, and growth,” in R.M. Auty, ed., Resource Abundance and Economic Development. Oxford: Oxford University Press, pp. 57-75.
Brunnschweiler, C.N. and Bulte, E.H. 2008. Linking natural resources to slow Growth and more conflict. Science 320, 616-617,
Collier, P. and Hoffler, A. 2005. Resource rents, governance and conflict. Journal of Conflict Resolution 49, 625-633,
Davis, J., Ossowski, R., Daniel, J. and Barnett, S. 2001. Stabilization and savings funds for non-renewable resources: experience and fiscal policy implications. IMF Occasional Paper 205. IMF,
Gylfason, T. 2001. Natural resources, education, and economic development, European Economic Review 45, 847-859,
Harvey, D., Kellard, N., Madsen, J., Wohar, M. 2009. The Prebisch-Singer hypothesis: four centuries of evidence, Review of Economics and Statistics, хэвлэлтэнд байгаа,
Humphreys, M., Sachs, J.D. and Stiglitz, J.E. 2007. Escaping the Resource Curse. Columbia University Press,
Karl, T.L. 1997. Paradox of Plenty: oil booms and petro states. University of California Press,
Kronenberg, T. 2004. The curse of natural resources in transition economies. Economics of Transition 12(3), 399-426,
Lette, C. And Weidmann, J. 1999. Does mother nature corrupt? Natural resources, corruption, and economic growth. IMF working paper WP/99/85,
Ч.Хашчулуун, С.Дөлбадрах, Б.Ариун-Эрдэнэ, Д.Баярмаа, Ж.Үнэнбат, Ц.Батсүх, Г.Банзрагч, Н.Энхбаяр, Д.Бямбасүрэн, Б.Мөнхсоёл. 2009. Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм: Эдийн засаг дахь төрийн оролцоо. Sodpress 2009,
Үндэсний Статистикийн Газар 2004. Статистик-80 жил, Улаанбаатар,
Үндэсний Статистикийн Хороо 2008. Статистикийн Эмхэтгэл.
Mehlum, H., Moene, K. and Torvik, R. 2006. Institutions and the resource curse. Economic Journal 116, 1-20,
Oxfam (2001). Extractive sectors and the poor: An Oxfam Report. Boston: Oxfam America (prepared by Ross, M.L),
“Oil firm ELF accused of bribing African officials” 2001. Inter-Press Service, November 22,
Papyrakis, E., and Gerlagh, R. 2007. Resource abundance and economic growth in the United States. European Economic Review 51, 1011-1039,
Ross, M. 2001. Timber Booms and Institutional Breakdown in Southeast Asia. New York: Cambridge University Press,
Ross, M. 2004. Does taxation lead to representation? British Journal of Political Science 34, 229-249,
Quiros, Hassey 1997. Copper, futures, Codelco: an econometrics perspective, Revista de Analsis Economico 12 (1), 63-84,
Sachs, J., and Warner, A. 1997. Natural resource abundance and economic growth. Revised Version. Harvard Institure for International Development, Cambridge, MA,
Sachs, J., and Warner, A. 1999. The big push, natural resource booms and growth, European Economic Review 59, 43-76,
Sala-i-Martin, X. and Subrimanian, A. 2003. Addressing the natural resource curse: an illustration from Nigeria. NBER working paper 9804,
Stiglitz, J.E. 2007. What is the role of the state? In Humphreys, et. al. eds. Escaping the Resource Curse. Columbia University Press,
World Bank. 2003. Striking a better balance. Final Report of the Extractive Industries Review, December,

World Bank. 2004. World Bank Group Management Response on Striking a better balance. Final Report of the Extractive Industries Review, September,



[1] Хуучин ЗХУ болон бусад социалист блокын улсуудыг оруулаагүй болно. Mehlum et al. (2006)-ын тоо баримтын анхдагч эх үүсвэр нь http://www.earth.columbia.edu/sitefiles/File/about/director/documents/Africa.xls. Хуучин социалист системийн улсуудын хувьд үүнтэй төстэй тоо баримтыг Kronberg (2004) цуглуулсан байгаа.
[2] ДНБ, ҮНБ хоёулаа аливаа улсын эдийн засаг нэг жилийн дотор бүтээн бий болгосон бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн нийлбэрийг хэмждэг. Эхнийх нь, жишээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бий болсон баялагийг хэмждэг бол сүүлийнх нь нутагтаа төдийгүй гадаадад Монголчуудын бий болгосон баялагийг хэмждэг. Энэ 2 үзүүлэлтийн нэг хүнд ногдох хэмжээ өндөр байх тусам хүн амын амжиргааны түвшин дээшлэх боломж сайжирч байдаг.
[3] Улсуудын ДНБ-ийг 2005 оны Америк доллар-руу эхлээд хөрвүүлсэн. Нэгэнт 1 Ам. Доллараар худалдан авах бараа үйлчилгээ улс бүрт ондоо байдаг учир тэдгээрийг Худалдан Авах Чадварын Паритет (ХУЧП) гэдэг зүйлийг ашиглан хооронд нь харьцуулах боломжтой болгодог.
[4] Энэ нэр 1970-аад онд Голланд Хойд тэнгист байгалийн хий олж, олборлож эхэлснээс болж бусад эдийн засгийн салбаруудынх нь уналтаас үүдэн гарсан бөгөөд хэдийгээр тэд үүнийгээ богино хугацаанд залруулсан ч энэхүү муу нэр нь хэвшил болон үлдчихжээ.
[5] Хэт их ашиг буюу “рент” гэдэг нь дэлхийн зах зээлийн үнээс олборлох, боловсруулах, хайлуулах, зах зээл рүү тээвэрлэх зардал болон “ердийн” бизнесийн өгөөжийг хассаны дараах үлдэгдлийг хэлдэг. Зарим тохиолдолд үүнийг хөдөлмөрлөж олоогүй ашиг ч гэдэг.
[6] Институци гэдэг нь өргөн утгатай ойлголт юм. Интэрнэтийн нэвтэрхий толь  Wikipedia-д үүнийг хэсэг хүмүүс (жишээ нь нэг гэр бүл эсвэл үндэстэн)-ийн хоорондох харилцааг зохицуулж байдаг дэг журам, механизм, зохион байгуулалт, хамтран ажиллах хэвшлийг хэлнэ хэмээн тодохойлжээ. Энэхүү өгүүлэлд би инстиуци гэдгийг төрийн тогтолцоо, Засгийн газар, олон нийтийн байгууллагууд гэдэг утгаар хэрэглэнэ. 
[7] Жишээ нь Ross (2001) Индонезийн өөрсдийнх нь улс төрчид нь хэрхэн Ойн Нөөц Удирдах Агентлагаа системтэйгээр үгүй хийж, ойн нөөцийг нь шавхан барагдуулж хувийн ашиг хонжоо болгосон талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
[8] Энэхүү баримтыг эсэргүүцэгчид байдгийг дурдах хэрэгтэй. Жишээ нь, Stijns (2005) эдийн өсөлтийг тодорхойлогч бүхий л хүчин зүйлс, тэр тусмаа институцийн чанарт, ашигт малтмал биш газарын хэмжээ илүү сөргөөр нөлөөлдөг гэж маргасан байдаг.
[9] Францын шүүхэд өгсөн мэдүүлэгдээ газрын тосны ELF компаний Африк хариуцсан менежер “... бүх л олон улсын газрын тосны компаниуд олборлох эрх авахын тулд хахууль өгдөг ш дээ” хэмээн мэдүүлж байсан нь саяхан.
[10] Жишээ нь, Нигеэриад 1973-1987 онд төрийн сектороос бусад бүх салбарт ажиллагсадын тоо буурч, Тринадад-Табагод 1982 он гэхэд төр нийт ажиллах хүчнийхээ 50%-ийг цалинжуулж, цалингийн зардал нь 4 жилийн дотор 4 дахин өссөн байх жишээтэй. Экуадор, Венесуэл, Мексик, Замби гээд олон улс энэхүү алдааг гаргаж байсан.
[11] Гэхдээ олгогдсон зээлийн хүү нэлээн өндөр байх талтай байдаг (Hausman, Ribogon 2004).
[12] Эдийн засгийн хямралын үед сангийн болон мөнгөний тэлэх бодлого ихэвчлэн хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь илүү их хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй гэсэн үг юм.

 

  • Бичсэн erdenebat_b
  • Үзсэн: 1498

Бүлэг: Өгүүлэл

Нийгмийн дэвшлийн замаар

2001 онд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Энд: 1) түүхэн үйл явдлыг бүхэлд нь харах, 2) холбоотой, зөрчилтэй, цуварсан олон үйл явдлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, 3) монголд болсон түүхэн үйл явдлыг гадаад орчинтой холбоотой авч үзэх, 4) системийн хандлагыг ашиглах зэрэг зарчмуудыг ашигласан. Мөн хараахан түүх болж амжаагүй байгаа 1900-ээд оноос хойшхи үйл явдлуудыг огт хөндөөгүй. Уншигчдад таалагдах эсэх олон асуудал энд мэдээж үүснэ. Гэхдээ түүхэн үйл явдал бидэнд таалагдах эсэхээс үл хамааран болоод л өнгөрдөг. Энэ өгүүлэл бол хэн ч хөндөхийн аргагүй “мундаг” зүйл огт биш, харин системийн шинжилгээний нэг л хувилбар гэдгийг онцлон дурдаж байна. Иймээс олон юм руу "хадууралгүй" дээр дурдсан зарчмуудын хүрээнд шүүмжлэн хэлэлцэж, мэтгэлцвэл тун сайн гэж бодож байна. Ер нь түүхэн гүн ухааны шинжтэй дүгнэлтүүд байн байн хувираад байдаггүй юм шиг байна лээ.

x x x

2001 оны 7 дугаар сарын 11-нд бид Ардын хувьсгалынхаа 80 жилийн түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ бол ХХ зууны дийлэнхийг эзэлсэн ч түүхэн цаг хугацааны хувьд харьцангуй богино хэрчим агаад чухам тэр үед л манай улс тусгаар тогтнолоо дахин олж, монгол үндэстэн мөхлийн замаас ангижирч сэргэн мандсан билээ.
Монголын нийгэм ингэж хөгжиж дэвшсэн тохиолдол ХIII зуунаас хойш манай түүхэнд гараагүй юм. “Номадизмын сүүлчийн үлдэгдэл”, “Нүүдлийн феодализм” гэж эрдэмтэд нэрлэж ирсэн уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд дэвших агуу их үйл явц чухам тэр үеэс эхэлж, одоо ч гэсэн үргэлжилж байна. Энд би орчин үеийн гэдгийг нэлээд өргөн утгаар авч үзсэн бөгөөд эдийн засаг дахь машинт үйлдвэрлэл, төр, нийгмийн орчин үеийн зохион байгуулалт зэргийг бүхэлд нь оруулж байна. Мөн түүнчлэн капитализм, социализмын аль нь давуу болох тухай улиг болсон асуудлыг хөндөөгүй, ердөө л үлэмж хоцрогдсон уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжсэн нэн өвөрмөц, нарийн түвэгтэй, зөрчилт үйл явцыг шинэ зууны босгон дээрээс эргэн харж эрэгцүүлэхийг эрмэлзсэн болой.
Шинэ зууны босгон дээрээс туулсан замаа эргэн харж алдаа оноогоо шүүн тунгаах аваас ХХ зууны Монголын түүх нь бүхэлдээ нийгмийн дэвшлийн түүх байсан агаад түүнийг эхлүүлсэн, тодорхойлогч, гол зангилаа үйл явдал нь 1921 оны Ардын их хувьсгал байжээ гэсэн дүгнэлтийг бүрэн үндэстэйгээр хийж болохоор байна. Энэ тухай өгүүлсү.
*    *    *
Хувьсгалын эрин үе
ХХ зуун гарсаар Их гүрнүүд дэлхийг хувааж Ази тивийн ихэнх хэсэг, Африк тив бүхлээрээ тэдний колони болж, дэлхийн хүн амын хагасаас илүү хувь нь колонийн дарлалд байлаа. Мөн аймшигт I дайн дүрэлзэж, дорно дахинд хувьсгалын зурвас үе эхлэв. 1905 онд Иран болон Орост хувьсгал гарснаар феодализм, колоничлолын дарлалд байсан Ази тив, Дорно дахин бүхэлдээ нойрноос сэрж, хувьсгалаар оргин буцалсан юм. Хятадад Сун Ят Сен, Японд Сэн Катаяма, Вьетнамд Хо Ши Мин, мөн Орост бидний сайн мэдэх Ленин нар тодрон гарав.
Энэ үеийг түүхчид хувьсгалын хоёр дахь их дэлгэрэлтийн үе гэж нэрлэдэг бөгөөд түүний оргил шат нь 1917 оны Октябрийн Их Хувьсгал болсон гэж үздэг.  Бидний монголчууд дэлхий нийтийг хамарсан энэхүү хувьсгалын эрин үеийн давалгаанд татагдан орсон нь жам ёсны үйл явц байсан бөгөөд монголчуудын хувь заяанд үндсэн эргэлт болсон юм.

Оросыг түшсэн хөгжлийн хандлага
Чин Улсын төр удаан наслахгүй нь ойлгомжтой болсон үеэс эхлэн монголчуудад олон жилийн мөрөөдлөө биелүүлэн бие даасан төр улсаа сэргээн байгуулах түүхэн боломж бий болов. Үүний тулд тэд гадаад түшиг тулгуурыг идэвхтэй хайж эхэлсэн бөгөөд тухайн үеийн монголын гадаад орчин, хүрээллээс хамгийн дэвшилттэй, ирээдүйтэй нь Орос Улс байсан юм.
1895 онд да лам Бадамдорж, 1911 онд Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан, 1912 онд Ханддорж нар, 1913 онд Намнансүрэн нар умар зүг хандаж, 1911 онд Коростовец Монголд ирсэн, 1912 онд Орос-Монголын гэрээ байгуулсан зэрэг үйл явдлууд нь тохиолдлын хэрэг биш байсан бөгөөд монголчуудын манж-хятадын эрхшээлээс гарах гарц ганцхан байсныг нотолдог. Ийнхүү Оросыг түшсэн хөгжлийн хандлага эхэлж, 1911 оны Үндэсний хувьсгал хаант Оросын дэмжлэгээр ялсан бол, 1921 оны Ардын Их Хувьсгал Зөвлөлт Оросын дэмжлэгээр ялсан билээ. Нийгмийн байгуулал солигдсоноос үл хамааран Оросыг түших хандлага цаашид тогтвортой үргэлжилсэн бөгөөд үүний ачаар монголчууд үндэстний хувьд мөхөх аюулаас сэргийлэгдэж чадсан.
Монгол Улс Оросын колони байсан, Монгол Улс тоглоомын бүгд найрамдах улс байсан гэдэг яриа бол хэт туйлшруулсан үзэл. Монгол нь ЗХУ-ыг тууштай түшсэнээрээ түүний онцгой халамжид байж, хожим нь социалист системийн орнууд дотор өвөрмөц байр сууриа эзлэн, социалист системийн ивээлд багтагч нэг объект болсон юм. Шинэ нийгмийн суурийг бүтээхэд зайлшгүй шаардагдах анхдагч хуримтлалыг Монгол улс шиг шууд, бэлнээр нь урт удаан хугацаанд гаднаас авч байсан тохиолдол түүхэнд ховор. Үүгээрээ БНМАУ нь их гүрний нөлөөнд байсан хэдий ч бусад ямар ч улсаас ялгаатай байж, тусгаар тогтнолоо бататган, нийгмийн томоохон дэвшилд хүрч чадсан юм.

Панмонголизм буюу монголчуудын боломж
ХХ зууны эхэн үеийн монголчуудын үндэсний сэтгэхүйд нэг үзэл нийтлэг оршиж байв. Энэ бол Хятадын өвөрмонгол, шинжаан, барга, Оросын алтай-урианхай, тагна тува, бас буриадыг нэгтгэсэн Их Монгол Улсыг байгуулах эрмэлзэл буюу панмонголизм юм. Гэвч энэ нь колонийн систем ид цэцэглэж, дэлхийн хоёр дайн дараалан дэгдсэн тэр үед ерөөс үл гүйцэлдэх зүйл байсан юм. Энэхүү хэмжээ хязгааргүй хүсэл, түүнийг гүйцэлдүүлэх гэсэн практик алхмууд их гүрнүүдийн бодлоор дэндүү даварсан хэрэг байв.
Оросоос мөнгө, зэвсгийн тусламж авангуутаа Өвөрмонгол руу дайлаар орсон монголчуудыг зогсоож бие даасан байдлыг нь гадаад монголын хүрээнд нь зөвшөөрөх болзлыг тулган хүлээлгэсний тод илрэл нь 1915 оны гурван этгээдийн Хиагтын гэрээ болсон юм. Энэ гэрээг янз бүрээр харааж, Орос болон Хятадыг зэмлэх үндэслэл болгодог авч харьцангуй бие даасан автономит Монгол улсыг байгуулж чадсанд түүний хамгийн гол үр дүн оршино. Уг гэрээгээр Монгол нь хятадын мэдлийн болсон нь үнэн. Гэвч хэрэг дээрээ Монгол нь Оросын нөлөөлөлд орсныг үгүйсгэхэд туйлын төвөгтэй. Хүсэл эрмэлзлийн үүднээс л үүнийг чамлаж болно уу гэхээс биш, бодит байдал, хожмын үр дагаврын хувьд энэ бол бидний олж болох дээд боломж байсан юм. 1915 оны Хиагтын гэрээ Монгол Улсын гадаад орчны нөхцөл байдлыг удаан хугацааны туршид тодорхойлж ирснийг энд дурдах нь зүйтэй.

Ардын Их Хувьсгал
1911 оны Үндэсний хувьсгалын дотоод хүчин зүйл нь тусгаар улсаа байгуулах гэсэн үндэсний ухамсрын сэргэлт, түүнд тулгуурласан нийт ард түмний тэмцэл байсан. Харин гадаад хүчин зүйл нь хаант Оросын цэрэг, эдийн засаг, дипломатын тусламж дэмжлэг байлаа. Мөн Хятадын хувьсгал, түүний дотоод зөрчилдөөн зэрэг нь шууд ба шууд бусаар хүчтэй нөлөөлөл үзүүлсэн.
Энэ бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн үндэсний хувьсгал байсан юм. Феодалын нийгмийн харилцаа, хаант төр, хамжлагат ёс, угсаа залгамжлах ёс хэвээрээ байсан учраас энэ бол ардчилсан хувьсгал байгаагүй. Хувьсгалын үр дүнгээр тогтсон төрийн байгууламжид дээд, доод хурал маягийн ардчилсан зарим элементүүд бий болсон боловч энэ нь төр болон нийгмийн шинж чанарт зарчмын өөрчлөлт оруулж чадаагүй, түүнийг бүхэлд нь тодорхойлох хэмжээнд хүртэл хөгжөөгүй юм. Түүний гол үр дүн нь тусгаар улсыг бий болгосонд оршино.

ХХ зуунд дэлхий дахинд нөлөөлсөн цар хүрээ, ач холбогдлоороо Октябрийн хувьсгалтай дүйцэх агуу үйл явдал байхгүй билээ. Энэ бол Европ тивийг бүхэлд нь зуу гаруй жил доргиосон 1791 оны Францын их хувьсгалын нүргээнийг евроазийн эх газарт дахин эхлүүлсэн их хувьсгал байлаа. Эдүгээ Октябрийн хувьсгалыг хичнээн хараасан ч гэлээ түүний дэлхий болон ази тив, ялангуяа Монголд үзүүлсэн нөлөөллийг үгүйсгэх боломжгүй юм. Энэ хувьсгалын нөлөөгөөр Монгол төдийгүй дэлхий дахин сэргэн буцалж байсныг түүх бодитойгоор сануулдаг.
Оросыг түшсэн хөгжлийн хандлага, гамин, бароны хүчирхийлэл, нийгмийн дэвшлийн үзэл санааны татах шинж, зөвлөлтийн туршлага нөлөөлөл, феодалуудын арчаагүй байдал, нийгмийн тэсвэрлэшгүй дарлал зэрэг нь социалист үзэл санаа монголд дэлгэрэх шимтэй хөрс болж байлаа. Үеэ өнгөрөөсөн феодалын байгууллыг халсан ямар ч хувьсгал монгол орны хувьд хөгжил дэвшил авчрах нь гарцаагүй байсан. Чухам энэ үүргийг биелүүлснээрээ 1921 оны хувьсгал нь Монгол орны тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн үүдийг нээж өгсөн юм.
1921 оны хувьсгал нь харийн түрэмгийлэл, феодализмыг эсэргүүцсэн нийт үндэстнийг хамарсан ардын ардчилсан хувьсгал байлаа. Зарим хүн үүнийг үндэсний ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг. Нэр томъёоны хувьд үндэсний ба үндэсний ардчилсан, ардын ардчилсан зэргийн хооронд асар их зөрүүгүй. Харин феодализмыг халсан шинэ байгууллыг яаж нэрлэх, яаж үзэхтэй холбоотой зарим ялгаа байдгийг цаашид нягтлууштай.

Зөвлөлт Оросын тусламж дэмжлэг, оролцоотойгоор монголын малчин ардын хийсэн энэ хувьсгал нь нийгмийн шинэ харилцааг үүсгэж, Монгол орон хөгжил дэвшлийн замаар замнах хэтийн төлөвийг нээж өгснөөрөө нэн шинэ түүхийн агуу их эргэлт болсон юм. Дундад зуунаас хойш Монголын түүхэнд нийгмийг бүхэлд нь хувирган шинэчилсэн ийм аугаа үйл явдал болж байгаагүй билээ. Эл учраас түүнийг Ардын Их Хувьсгал гэж нэрлэх гарцаагүй бөгөөд хангалттай үндэслэл бидэнд бий.
Буурай хөгжилтэй жижиг улсад ард олон хувьсгал хийж, засгийн эрхийг аваад Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж харьцангуй бие даан өвөрмөц маягаар амжилттай хөгжсөн цөөн орны тоонд Монгол гарцаагүй орно. Жижиг буурай олон улсын бие даан хөгжих хүсэл мөрөөдөл дэлхийн II дайны дараа, ялангуяа колонийн систем нуран унасан 1960-аад оноос л биелэх бололцоотой болсон. Гэхдээ ийм боломж ямагт бусад том улсын нөлөө юм уу ивээл дор бодит байдал болдгийг маш олон орны туршлага харуулсан.

1921 оны Ардын хувьсгал нь 1911 оны үндэсний хувьсгалын шууд үргэлжлэл, давталт байгаагүй. Хэрэв тийм байсан бол 1921 онд Засгийн эрхийг авсны дараа Богдыг хаан ширээнд залаад бүх асуудал дуусах байсан. 1911 оны үндэсний хувьсгалын алдагдсан үр дүнг сэргээх зорилго тавьснаараа 1921 оны ардын хувьсгал уламжлалт шинжийг агуулж байсныг үгүйсгэж болохгүй нь мэдээж. Гэвч энэ нь 1921 оны Ардын хувьсгалын хоёр зорилгын зөвхөн нэг нь л байсан. 1921 оны ардын хувьсгалын түүхэн ач холбогдол нь үеэ нэгэнт өнгөрөөсөн феодалын байгууллыг халсанд орших бөгөөд чухам үүгээрээ 1911 оны үндэсний хувьсгалаас бүтэн эрэмбээр дээгүүр байж, түүнээс дахин нэг алхам урагшилж нийгмийн хувьсгал болж чадсанд оршино.

Эдүгээ хоёр хувьсгалыг зөрчилдүүлэн үзэх, 1921 оны ардын хувьсгалын ач холбогдлыг бууруулах суртал нэвтрүүлэг зогсолтгүй явуулж байна. Ийм санааг нотлох гэвэл юуны өмнө ХХ зууны эхэн үеийн монголын феодалын нийгэм бусдаас дэвшилттэй байсан хийгээд түүнийг хэвээр хадгалах нийгмийн зайлшгүй шаардлага байсныг батлах ёстой.
1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь монголын нийгмийн томоохон дэвшил болсон юм. Манжийн үеийн хууль цааз, Богд хаант Монгол Улсын “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” зэрэгтэй харьцуулахад 1924 оны шинэ Үндсэн хууль нь жинхэнэ утгаар ардчилсан хууль байлаа. Уг хууль Зөвлөлтийн хуулийн монгол хувилбар байсан нь үнэн. Гэвч энэ нь түүний дэвшилтэт үүрэг, ач холбогдлыг бууруулах үндэслэл болж чадахгүй. 1990 оны шинэ Үндсэн хуулийг ч барууны хуулиудаас хуулсан нь бас л үнэн билээ.
ХХ зууны төгсгөл үеийн ардчиллын үнэт зүйлийн шаардлагыг 1924 оны анхны ардчилсан Үндсэн хуулиас өнөөдөр нэхэх нь огтоос утгагүй зүйл мөн. Колонийн системийн ид цэцэглэлтийн үед тусгаар тогтнолоо зарлаж, ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь монголчуудын хувьд зол заяа байсан юм. Шинэ тутам байгуулсан Ардын төрөө ард түмэн талархан дэмжиж сүүлийн хэдэн зуун жил үзэгдээгүй улс төрийн өндөр идэвх гарган хүрээлж байсныг түүх гэрчилнэ.

Феодализмын бурангуй ёсны эсрэг
Нийгмийн хувьсгал засгийн эрхийг авснаар дуусдаггүй, харин ч эхэлдэг билээ. Ардын хувьсгал феодалын монгол орны олон зуун жилийн хоцрогдлыг даван туулах их үйлсээс гараагаа эхлэв. Монголын нүүдлийн соёл иргэншил манжийн 220 жилийн дарлал, шарын шашны хэт тэлэлт зэргээс болж ХХ зууны эхэн үе гэхэд мөхлийнхөө ирмэгт тулж ирээд байлаа.
Тэр үед шарын шашны гүн ухаан, энэрэнгүй үзлийн дэвшилтэт язгуур үндэс ихээхэн бүдгэрч, сүм хийд, лам нарын тооны өсөлт хэвийн хэмжээнээс хавьгүй хэтэрч, шашны үзэл суртал мухар сүсгийн доод хэмжээнд хүртэл буурсан учраас шарын шашин бүхэлдээ гүн гүнзгий хямралд орсон байв. Шашны гүн ухааны мөн чанарыг гаргууд мэддэг цөөн тооны жинхэнэ сэтгэгчид энэ бүхнийг, ухамсарлан ойлгож, хэт мунхаг байдлыг эрс шүүмжилж, шашны шинэчлэл хийхийг оролдож байсан нь цөөнгүй байдаг. Шинэ цагийн алхааг гүйцэхгүй шашны үзэл суртлын оронд тухайн үед ид хүчээ авч байсан социалист үзэл санаа большевик хэлбэрээр орж ирэх нь гарцаагүй байсан юм.

Монголын феодализм, түүний бурангуй ёс, харилцаа, дадал заншил нь шинэ дэвшилттэй бүхнийг эсэргүүцэж, түүнийг сөрөн зогсож байлаа. Шинэ төр бүх юмыг цоо шинээр хийх хэрэгтэй болсон. Эдүгээ Монголын ямар ч салбар, байгууллагын үүсэн байгуулагдсаны ой ямагт 80-аас доош тоотой байдаг нь их хувьсгалын няцаашгүй нотолгоо болдог.
Сургууль боловсрол байтугай бичиг үсэгт тайлагдахыг, эмнэлэг эрүүл мэндийг байтугай ахуйн наад захын ариун цэврийг эсэргүүцдэг, соёл, урлаг, шинжлэх ухаан техникийг ярьдаггүй юмаа гэхэд өргөн хэрэглээний бараа таваар хэрэглэхийг хүртэл эсэргүүцэж байсан мунхаг харанхуйтай тэмцэх нь зөв шударга, дэвшилтэт үйлс байлаа. Энэ ариун бөгөөд их үйлсийг МАХН гардан удирдсанаараа монголын ард түмний өмнө хэзээ ч гандан бууршгүй гавьяа байгуулсан. Энэ их үйл явдалд ангийн тэмцлийн агуулга бага, харин шинэ хуучны тэмцлийн агуулга илүү зонхилж байсан.

МАХН-ын хүлээн авсан онол үзэл санаа нь анхнаасаа л ард ангийн ашиг сонирхлыг илэрхийлсэн учраас практик үйл ажиллагаа нь мөн тийм шинжтэй болох нь гарцаагүй байв. Феодализмын хоцрогдолтой хийсэн шинэ хуучны тэмцэлд коминтерны дарамтаар ангийн тэмцлийн утга түлхүү оруулсанд МАХН-ын алдааны гол шалтгаан оршиж байсан. Тухайн үед ид цэцэглэж, дэлхий дахинд түгж байсан коммунист үзэл суртлаас шууд татгалзах, түүнийг даван гарах боломж, хүч чадал тэр үеийн монголын удирдагчдад тун хомс байсан. Харин ч манай удирдагчид монгол орны онцлог байдлыг харгалзан өөрийн гэсэн үзэл бодолтой байж, зарим талаар Коминтерны даралт шахалтыг эсэргүүцэх сэтгэлийн тэнхээтэй байсан юм.
Монголын феодализм нь төрийн талыг барьсан хар феодалын давхраа, оюун санааны талыг барьсан шашин-сүм хийдийн тогтолцооноос бүрдэж байв. Ардын сонгож байгуулах ардчилсан засаг тогтоож, хамжлагын харилцаа, угсаа залгамжлах ёсыг халснаар хар феодалын эрх ямба аяндаа эвдэгдсэн билээ. Тэдний ихэнх нь ирж буй шинэ цагийн хандлагыг ойлгон, ардын засгийн үйл хэрэгт олноороо зүтгэж байлаа. Харин монголын нийгмийн оюун санааны амьдралыг бүхэлд нь шахам хянаж, эдийн засаг, үзэл суртлын хувьд асар хүчтэйн зэрэгцээ харьцангуй бие даан оршиж байсан шашин-сүм хийдийн тогтолцоо нийгмийн дэвшлийн хамгийн гол саад тотгор болж байв.

Мухар сүсэг, харанхуй мунхаг дадал зуршилтай тэмцэх, гэгээрэл, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах шинэ тогтолцооны эхийг тавьж, улс ардын аж ахуйн орчин үеийн салбарыг бий болгоно гэдэг тэр үедээ ёстой тамын ажил байлаа. Ардын хувьсгал ялснаар унадаг дугуй, чийчаан, ээрпалаан, оёдлын машин, мандлин, бягтруул, сүүдэр ший, ном сонин монголын тал нутагт нэвтрэв. Боловсон эмнэлэг үүсч хүнийг нь яр тэмбүү, сүрьеэ, улаан, цагаан бурхан өвчнөөс, малыг нь шүлхий, боом, годрон, хамуу өвчнөөс бүрэн ангижруулав. Ард түмэн бичиг үсэгт тайлагдаж, ардын сургуулиуд бий болж, соёл урлаг дэлгэрч, шинэ үеийн сэхээтнүүд бий болов. Арми нь хүртэл боловсрол, соёлын байгууллагын үүргийг давхар гүйцэтгэж байлаа.

Энэ бүхнийг хийсэн бүтээсэн хүмүүсийн тэргүүн эгнээнд МАХН болон МХЗЭ-ийн гишүүд явсан юм. Тэд мунхаг харанхуйтай тэмцсэн соён гэгээрүүлэгчид, соёлын үрийг таригчид байлаа. Тухайн үеийн нийгмийн зөрчил, феодалын хэт хоцрогдлыг Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, “Үзэгдээгүй юм”, “Ламбугайн нулимс”, Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, М.Ядамсүрэнгийн “Анхаарч биширсэн чавганц, атаархаж хорссон лам”, С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Б.Ринчингийн “Шар хувалз нарт” зэрэг олон зохиол бүтээлүүдэд тод томруун харуулсан байдаг. Хирээ угаах, дотуур хувцастай болгохоос эхлээд өөрөө бичиг үсэгт тайлагдах, хүүхдээ сургуульд явуулах, эмнэлэгт очих хүртэлх бүх зүйлийг зааж сургаж, нэлээд тохиолдолд албадлага хэрэглэж байсан нь тухайн үеийн нийгмийн ухамсрын түвшинд тохирч байсан. Үндэсний мөхлөөс аврагдах, олон зуун жилийн хоцрогдлыг даван туулахын тулд энэ бүхнийг зайлшгүй хийх шаардлагатай байсан.

Шинийг бүтээх, нийгмийн дэвшилд хүрэх агуулгаараа МАХН-ын үйл ажиллагаа улс төрийн нам гэхээсээ шинэ нийгмийг байгуулах ард түмний хөдөлгөөний /фронт/ шинжийг илүүтэй агуулж байлаа. Дашрамд дурдахад МАХН-ын удирдан чиглүүлэх ролийн асуудал бүр сүүлд 1960-аад оноос яригдах болсон.
Коминтерны Монгол дахь хөрс суурь

1920-иод оны сүүлчээр ЗХУ-ын удирдлагын зүгээс Монголд улс төрийн талаар өөрийн бодлогыг тулгаж, дотоод хэрэгт оролцох явдал Коминтерны шугамаар идэвхжив. Коминтерн МАХН, засгийн удирдлагын дотор “барууны хэлбэрэлтэй” тэмцэх хуйвалдааныг зохион байгуулж байсны улмаас тус нам, засгийн бодлого, үйл ажиллагаанд “зүүний” үлэмж уршиг бүхий ноцтой алдаа завхрал гарахад хүргэсэн билээ. Үүний улмаас 1932 оны эсэргүү бослого дэгдсэн бөгөөд тэр нь зарим талаар иргэний дайны шинжтэй болсон юм.

Феодализмыг халсан аливаа хувьсгалт өөрчлөлт иргэний дайн самуунгүйгээр явагдсан тохиолдол дэлхийн олон орны түүхэнд бараг байхгүй юм. Коммунист үзэл суртлын хялбаршуулсан хэлбэр, шашны догматик сэтгэлгээ хоёр нийлээд ирэхээрээ үзэл санааны өвөрмөц маягийн хольцийг бий болгосон бөгөөд энэ нь коммунист маягийн диваажинг хүсэн мөрөөдөх үзэл санааг аяндаа бий болгож байв.
Иймээс зүүний нугалааны үед гарсан инээдэмтэй бөгөөд гунигтай олон хөгийн зүйлсийн нэлээд нь хэт хувьсгалчдын өөрөө бодож олсон зүйл байсан. Ийм үзэгдэл одоо ч манайд түгээмэл байгаа. Дээр үеийн хувьсгалчид амин хувийн эрх ашгаа умартан ажиллаж байсан бол одоогийн хэт ардчилагч нийгмийн нийтлэг эрх ашгийг умартан ажиллаж байгаагаараа зарчмын ялгаатай бөгөөд энэ хоёр хандлагын аль аль нь туйлшрал юм гэдгийг нотлоход нэг их түвэг орохгүй.

Өргөн хэлмэгдүүлэлт
Монголын дорнод хил дээр бүр 1934 оноос японы зэвсэгт өдөөн хатгалга эхэлж улам бүр эрчимжин Монгол Улсын тусгаар тогтнолд бодит аюул учрав. Япончууд Манжго улсыг тунхаглаж, манайтай дорнод талаар шууд хиллэх болж, монголыг умард хөрштэй тулалдах ирээдүйн дайны талбар болгохын тулд хилийн мөргөлдөөн гаргаж, өөрийн шаардлагыг тулган, тагнан турших, хорлон сүйтгэх сүлжээ байгуулахыг эрмэлзэж байв.

Гамшиг нөмөрсөн 1937 онд монголын хүн ам 740 мянга орчим байсны 180 мянга орчим нь насанд хүрсэн буюу цэргийн алба хаах чадвартай эрчүүд байжээ. Тэдгээрийн 80 мянга нь буюу 44.4 хувь нь лам нар байхад Монгол ардын хувьсгалт цэрэг 10 шахам мянган хүнтэй байв. Дэлхийн II дайны гал юу юугүй дүрэлзэх гэж буй үед буу барьсан нэг цэрэгт найман лам ноогдож байжээ. Дорно зүгтээ бат найдвартай хамгаалалтын систем байгуулах гэсэн зөвлөлтийн цэрэг-стратегийн сонирхолд энэ нь огт нийцэхгүй байснаас Сталин монголд зэвсэг хэрэглэл нийлүүлэх нь хангалтгүй, өөрийн цэргийг байрлуулахыг эрмэлзэж байв. Япон-манж готой дорнод хил дээрх мөргөлдөөнийг хурцатгалгүй, дайнд хүргэхгүйг хичээж байсан монголын удирдагчдын байр суурийг Сталин хардан хандаж байсан ба түүний хардлагыг улам гааруулахын тулд японы зүгээс элдэв явуулга хийж байв. Энэ бүхэн нь өргөн хэлмэгдүүлэлт явуулах үндсэн бөгөөд гол шалтгаан болжээ.

Монголын тусгаар тогтнолыг монголчууд өөрснөө эхлэн хамгаалах ёстой, лам нараа цэрэг болгодоггүй юмаа гэхэд нийгмийн тусгай хөдөлмөрт оруулах ёстой гэсэн агуулга бүхий Сталины  логикод үнэний хувь байсныг хүлээн зөвшөөрөх нь шударга хэрэг болно. Дурдан буй үед ЗХУ-д ч өргөн хэлмэгдүүлэлт явагдаж, олон сая хүний амь насыг бүрэлгэснээс эргэцүүлэхэд хэлмэгдүүлэлт нь хоёр орны ард түмнийг нэгэн адил нэрвэсэн их гамшиг байжээ. Бараг гурван жил үргэлжилсэн цуст хэлмэгдүүлэлт нь манай түүхийн хамгийн хар бөгөөд гунигт хуудас болон үлдсэн бөгөөд энэхүү хүмүүн бус харгислалыг ямар ч хэлбэрээр дахин гаргахгүй байх гадаад, дотоод баталгаа, нөхцөл бий болгохыг өнөө үеийнхэн биднээс шаардаж байгаа түүхийн гэрээс болон дуурсаж байна.

Халхын голын дайн ба дэлхийн II дайн
Халхын голын дайн нь дэлхийн II дайны нэгэн эхлэл байлаа. Халхын голын ялалтын дараа япон нь БНМАУ-ын бүрэн бүтэн халдашгүй байдлыг хүндэтгэх үүргийг Зөвлөлттэй байгуулсан гэрээгээр хүлээсэн нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ололт байлаа.
Чухамхүү Халхын голын ялалтын ачаар манайд шууд заналхийлж байсан аюул зайлуулагдаж, монголчууд дэлхийн II дайныг хүн хүчний хамгийн бага хохиролтойгоор даван туулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн юм. Сүүлийн үеийн судалгаагаар Халхын голын дайнд 237 хүн, 1945 оны чөлөөлөх дайнд 78 хүн монголын талаас амь үрэгдсэн байдаг. Үүнээс ургуулан бодож үзвэл өргөн хэлмэгдүүлэлтэд өртсөн 30 гаруй мянган хүний амь насыг дэлхийн II дайнд монголчуудын төлсөн төлөөс, үзсэн хохирол гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Халхын голын дайн болон дэлхийн II дайнд монголчууд дайнд нэрвэгдсэн аль ч ард түмнээс дутахааргүй хүнд бэрх зовлонг амсч, боломжоосоо олон дахин хүнд ачааг үүрэлцэн өнөөгийн энх тайван тогтоох үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадсан билээ. Хэрэв ЗХУ-ын шүхэр дор оролгүй дайн самууны хөлд шууд нэрвэгдсэн бол Монгол Улс тусгаар тогтнон, зөвхөн хоёр хөршийн төдийгүй дэлхийн бусад гүрэнд хууль ёсоор зөвшөөрөгдөх нь сэтгэшгүй зүйл.
Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь эрсэдсэн, шархадсан Зөвлөлт-Монголын 26 мянган дайчин эрсийн гэгээн дурсгалыг монголчууд бид үеийн үед санаж явах үүрэгтэйн зэрэгцээ энэ агуу үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн зөвлөлтийн, ялангуяа Оросын ард түмэнд хэзээ ямагт хүндэтгэл үзүүлэх ёстой.

Гадаад орчны алтан үе
Дэлхийн II дайны дараа Зөвлөлт байгууллын үнэн зөв, хүч чадалтайд итгэхгүй хүн байтугай, эргэлзэх хүн ч ховор болов. 1949 онд БНХАУ тусгаар тогтнолоо зарлаж, ЗХУ, Хятад хоёрын харилцаа сайжирснаар Монгол Улсын гадаад орчны алтан үе эхэлсэн юм. Чухам энэ үед монголчууд бид сэтгэл амар амьдрах боломж бий болсон. Мөн энэ үед Москва-Улаанбаатар-Бээжингийн төмөр замыг барьсан нь одоо ч гэсэн стратегийн үүргээ биелүүлсээр байна.

БНХАУ Улаанбаатар-Налайхын засмал зам, шил, шүдэнз, спирт бал бурмын зэрэг үйлдвэрүүд, 50 болон 120 мянгатын орон сууцны цогцолбор, Энхтайвны гүүр, Улсын Их дэлгүүр зэргийг өөрсдийн ажилчдын хүчээр барьж бэлэн болгон хүлээлгэн өгч байв. ЗХУ бүр ч өгөөмөр тусламж үзүүлэв. ЗХУ 1921-1970 онд эдийн засгийн том ач холбогдол бүхий 450 томоохон объект /жижгийг нь тоолох боломж байхгүй/ барьсны тал хувийг нь 1960-70 онуудад барьж, тусалж, бэлэглэсэн байдаг. Энэ бүхнийг эдүгээ дурсан санах хүн бараг байхгүй болж, хоёр том хөршийг занан зүхэгсэд олширж байгаа нь яав ч сайны ёс биш. Гадаад орчны алтан үе удаан үргэлжлээгүй боловч ихээхэн сургамжтай юм.

Эндээс хэрэв Монгол Улс юуны өмнө хөршүүдтэйгээ эвтэй найртай харьцаж чадвал түүний гадаад орчин таатай байх болно гэсэн дүгнэлт хийж болно. Эдүгээ гадаад орчны нөхцөл байдал тэр үеийнхтэй харьцуулахад зүйрлэшгүй өөр болсон боловч дээрх дүгнэлтийн ач холбогдол өнөө ч буураагүй хэмээн санана. Арай хожим монголыг социалист системийн давуу талыг харуулах нэг объект болгосноор социалист системд багтаж байсан орнуудын үзүүлсэн тусламжийг мартах юмуу үгүйсгэвэл нүгэл болно. Дэлхийн бусад улсуудтай эвтэй найртай харьцаж чадвал улсаа хөгжүүлж болдгийн жишээ энэ юм.
1950-иад оны сүүлч 1960-аад оны эхээр бид бүхний харьцангуй сайн мэдэх их бүтээн байгуулалтын үе залгана. Энд соёлын довтолгоо, хоршооллох хөдөлгөөн, атар газрыг эзэмшсэн, хашаажуулах, усжуулах хөдөлгөөнүүд орох бөгөөд энэ үед улс ардын аж ахуйн орчин үеийн салбарууд төлөвшиж, олон зуун үйлдвэр, хот, суурин байгуулж, урлаг, соёл, боловсрол цэцэглэн хөгжсөн. Дөнгөж саяхан 50-60-аад оноос л бид бөөс, хир, өвчин гурваасаа салж эхэлснийг эдүгээ нуугаад байх онцын шаардлага байхгүй юм. Хэрэв бидний бүтээн байгуулсан юмыг бага газар нутагтай улс оронд хэрэгжүүлсэн бол үр дүн нь илүү тод харагдах байсан буй за.

1921 оны Ардын их хувьсгалын үндэсний ач холбогдол нь феодализмын олон зуун жилийн хоцрогдлыг даван туулж, монгол үндэстнийг сэргээн мандуулж, тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болгосонд оршино. Төр болон нийгмийн тогтолцоо нь нийгмийн хөгжил дэвшлийг хангагч байгаад тодорхой нөхцөлд саатуулагч болон хувирахад уг системийг зайлшгүй өөрчлөх шаардлага гардаг бөгөөд энэ нь манайд 1990 онд болжээ. Гэвч энэ нь 1921 оны ардын их хувьсгалын хүрсэн үр дүнг буюу ахмад үеийнхний хөдөлмөр, тэмцлийг үгүйсгэх ямар ч үндэслэл болж чадахгүй бөлгөө.
*    *    *
Дэлхийн соёл иргэншлийг судлаачид, түүхийн онолчид Монголыг бие даасан соёл иргэншил гэж одоо болтол хүлээн зөвшөөрдөггүй юм. Хятадын буюу Күнзийн, эсвэл шашнаар нь дамжуулж Түвдийн, эсвэл Оросын, заримдаа лалын соёл иргэншилд ч хамааруулдаг явдал бий. Соёл иргэншил гэсэн ухагдахуун одоо болтол нэг мөр болж чадаагүй болохоор арга ч үгүй биз. Монгол орныг хальт ч гэсэн мэддэг, гадарладаг хүн бол түүнийг дээр дурдсан соёл иргэншлүүдийн алинд нь ч багтаах аргаа олдоггүй юм. Учир нь бид олон зуун, мянган жилийн туршид өөрсдийн хүрээлэн буй том хэмээгдэх соёл иргэншлүүдээс алинаас нь ч эрс тэс ялгаатай явж ирсэн нь бодит баримт юм.

Би Монгол орноо бие даасан соёл иргэншил гэж батлан шинжлэх ухааны нээлт хийх гээгүй байна. Гагцхүү аль нэг соёл иргэншилд хамааруулж үзсэн том эрдэмтдийн шалгуур үзүүлэлтүүд ихээхэн эргэлзээтэй байдгийг л дурдаж байна. Энэ талаар сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын олон эрдэмтэн ихэд анхаарч судалж байна. Цөөн хүн амтай мөртлөө түүхийнх нь тухай тийм их зүйл бичигдсэн улс үндэстэн нэг ч байхгүй юм. Цаашдаа тийм байх төлөвтэй. Хэрэв соёл иргэншлийг улсынх нь том жижгээр хэмждэг бол нэг өөр, түүхэнд үзүүлсэн нөлөөгөөр нь хэмждэг бол нэг өөр. Ямар ч гэсэн Монгол газар нутаг дээр олон сонирхолтой үйл явц хэд хэдэн удаа болж, дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлдэг байсан нь тодорхой юм. Тэгсэн атлаа нийгмийн бүх эрчим хүчээ бусад соёл иргэншилд уусган шингэж өөрөө бууран доройтдог явдал манай түүхэнд хэд хэдэн удаа тохиолдсон билээ.

Бууран доройтохын нэгэн доод хязгаар нь ХIХ-ХХ зууны зааг үе байсан нь тодорхой байсан. Монгол үндэстнийг мөхлийн ирмэгээс 1921 оны Ардын хувьсгал аварч, нийгмийн дэвшилд хүргэсэн бөгөөд өнгөрсөн зууны туршид монголын нийгэм иргэншиж, нийгэмшиж, соёлжихын замаар замнасан юм. Манай зам нэн өвөрмөц байлаа. Бид суурин, үйлдвэржсэн, соёлжсон, сэргэн мандлын үеийг туулсан нийгмээс биш, Төв азийн дорнод хэсэгт олон мянган жил тогтвортой хадгалагдан үлдсээр ирсэн нүүдлийн нийгмээс орчин үеийн нийгэмд шилжсэн юм. Энэхүү нүүдлийн нийгэм ч гэсэн сонгодог утгаар бидний ойлгож ирсэн европын феодализмаас эрс тэс өөр байсан юм. Өөрөөр хэлбэл монголын уламжлалт нийгмийг феодалын нийгэм гэж нэрлэх нь бас л харьцангуй юм.

Манай нутагт олон мянган жил нэн тогтвортой байсан нүүдлийн нийгмийн байгууллыг аль нэг соёл иргэншлийн оюун сэтгэлгээний үнэт зүйл, зарчмын үүднээс үнэлж дүгнэх нь учир дутагдалтай. Түүнийг өөрийнх нь мөн чанараас, өөрийнх нь ахуйгаас ургуулан бусадтай холбоотойгоор судлах нь нэн чухал гэж би үздэг. Харамсалтай нь ийм төрлийн судалгаа хомс байна. Харин ч монголын нүүдлийн нийгэм-соёлыг харанхуй бүдүүлгийн доод туйл гэж үзсээр ирсэн Европод олон зуун жил хэвшиж тогтсон ойлголт хүчтэй хэвээрээ байна. Харин монголчууд бид дэлхийн олон үндэстний адил,  тэднээс илүү гардаггүй юмаа гэхэд дутахгүй соёлтой байсан ба байгаа гэж нотлох эрхтэй бөгөөд үүрэгтэй. Чухам энд л шинжлэх ухааны сонирхолтой эрэл хайгуулын учиг байгаа гэж итгэлтэй хэлж болох юм. Магадгүй, өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа олон глобаль асуудлыг шийдвэрлэхэд монгол соёл иргэншлийн ул суурьтай, шинэ арга зүйгээр хийсэн судалгаа хариу өгч чадна гэдэгт би итгэдэг юм.

Өнгөрсөн зуунд бидний туулсан зам ч гэсэн нэн өвөрмөц байсан. Хэвшмэл ойлголтоор илэрхийлбэл феодализм, социализм, капитализм гэсэн дараалал нь солигдсон нийгмийн байгууллыг хэрхэн тайлбарлах вэ, шинэ зуун гарч байхад хот суурин газар руу хүмүүс тэмүүлэхээс гадна уламжлалт мал аж ахуй руу зүтгээд байгаа хачин зөрчилтэй үзэгдлийг юу гэж тайлбарлах вэ, нарийндаа яривал дөнгөж 1950-иад оноос эрчимжиж эхэлсэн хотжилтын үйл явц саяхны нүүдэлчдэд болон нүүдлийн ахуйд хэр нөлөөлөв, хүмүүс, тэдний зан үйл, үнэт зүйлс, эрхэмлэл, үнэлэмжийн баримжаа хэрхэн өөрчлөгдөв зэрэг олон асуулт хариугаа хүлээж байна. Энэ бүх асуулт, түүнд өгөх хариулт нь түүхийн асуудал биш, манай өнөөгийн олон асуудлыг шийдвэрлэх гогцоо шижим болох нь ойлгомжтой юм.

Ямар ч гэсэн ХХ зуунд монгол орон нийгмийн дэвшлийн замаар замнаж ихээхэн амжилт олсон нь эргэлзээгүй бөгөөд бодитойгоор туулсан түүхийн тодорхой үеүдийг хооронд нь сөргүүлэн тавилгүйгээр монголын нийгмийг өөрөөс нь ургуулан, өөрөөр нь төвлүүлэн судлаж ухамсарлах аваас нийт үндэстний эрх ашгийн үүднээс цаашид ахиж дэвших үзэл санааны эш үндсийг олж болно, ингэж чадна гэдэгт эргэлзэхгүй байж болох юм.

Энэ өгүүлэл “Социологи” сэтгүүлийн 2001 оны анхны дугаарт нийтлэгджээ.  

  • Бичсэн gankhuyag_d
  • Үзсэн: 1504
Sample photo

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter