Менторшип – энэ үг сүүлийн хэдэн сарын бидний ярианд, бичлэгт магадгүй хамгийн олон дурдагдсан байх. Өнгөрсөн зун мөчирлөн зохион байгуулсан Хойд Америкийн Цахим Өртөө (ТУНА) ийм хөтөлбөр бий болгож буйгаас тэр. ТУНА удирдах зөвлөлийнхөн, гишүүд, түүнчлэн сүүлийн хоёр сарын хугацаанд бидний нүүр тулж уулзахаас гадна онлайнаар эрчимтэй харилцаж буй оюутнууд болон АНУ-д ажил хөдөлмөрийн гараа эхлээд удаагүй залуустай энэ талаар өргөн ярилцаж хэлэлцэж буйгаас тэр.

Менторшип гэж ер нь юу билээ?

Толь бичиг нээвэл туршлага их, мэдлэг илүү нэгэн арай бага туршлагатай сул мэдлэгтэй нэгэнд тусалж зөвлөхийг ийн нэрлэдэг аж. ТУНА Менторшип мөн ийм чигийн үйл ажиллагаа явуулах хөтөлбөр.

Ахмад нь залуусын амьдралд зөвлөөд, залуус нь ахмадуудаа орчин цагийн хурдтай шинэ цаг мөчтэй уралдан өөрчлөгдөхөд туслаад, шинэ оюутан залуус ахлах ангийнханд коллеж хэрхэн сонгох, элсэх зөв зөвлөгөө өгөөд, зэрэг горилогч оюутнууд болон шинээр ажил хөдөлмөрийн гараа эхлүүлээд удаагүй нь баклавар оюутнуудын цаашдын замд тус дэм үзүүлээд, архаг ажилтнууд шинэвтэр болон залуу нэгнээ мөн хөтөлж дэмжээд гэх мэтээр Америкт буй Монголчууд биеэ биеэ дэмжих, хоорондоо харилцан ойлголцож улмаар итгэлцэн хамтрах олон замын нэг нь ТУНА-гийн энэ хөтөлбөр юм.

ТУНА Менторшип хөтөлбөр гэж юу вэ?

Манай монголчуудын хувьд шинэ зүйл огт биш, багш шавийн барилдлага гээд ойлголтыг бүгд мэднэ. Хүүхэд байхдаа дөмөг сурлагатай нь хоцорч буй нэгнээ дааж аваад хичээл номд туслах тун элбэг. Шинэ ажилтанд хуучин нь дагуулж сургаад хамт олны дунд хөтлөн оруулчихдаг. Түрүүлж нүүж ирсэн нь удаахдаа аюулгүй орчин, зөв сургуулийн дүүрэг гэх мэтийг хэлж зөвлөөд өгчихнө.

Хойд Америкийн Монголчуудын хувьд энэ мөн шинэ ойлголт уул нь биш. Нэг талаас албан бус, нэр томьёогүйгээр яваад байгаа, хэдийнээ бий болчихсон үзэгдэл. Нөгөө талаас MACC - Америк дахь Монголчуудын худалдааны танхим ийм хөтөлбөр хэрэгжүүлээд АНУ дахь ижил мэргэжлийн залуусыг холбосон явдал саяхан. CMCC – Канад Монголын худалдааны танхим мөн ижил хөтөлбөр зохион байгуулаад өөрсдийн төгсөгчидтэй болсон туршлага бий. Монголд Цахим Өртөө холбооныхон Цахим Өртөө дээд сургууль байгуулж нэгэнтээ үзэхдээ мөн ийм хөтөлбөр бий болгож цөөнгүй оюутныг өртөөчид нэг нэгээр хариуцан авч мэдлэг дамжуулах, туршлага өгөх олон явдал өрнөж байлаа. Энэ бүгдээс олж авсан туршлага ололтоо нэг дор цуглуулж, алдаа оноогоо дүгнэж цэгнэн засаад бүгд хамтаараа дахин нэг оролдож буй нь энэ бөлгөө.

Яагаад ТУНА Менторшип хөтөлбөр?

Маш товчоор, цөөн хэдэн өгүүлбэрээр илэрхийлбэл:
Бидний мэдлэг дамжуулах гол хэрэгсэл байх болно.
Хүн бүр багш, шавь болдог, энэ бол ердөө цаг хугацааны асуудал.
Ийм замаар биеэ биеэсээ суралцах нь угаасаа байгалиас заяасан хөгжиж дэвших үйлдэл.
Сурч хөгжүүлэхэд амаргүй гэж үздэг, арга олох талын (америкчууд зөөлөн хэмээн ангилдаг) чадварыг хөгжүүлэх дамжуулах хамгийн сайн зам гэж үздэг.
Хэдэн хэдэн төрлийн, давхар харьцаанууд үүсгэж болно.
Үүнийг үндсэндээ бид бүгд хуваалцах бэлэг гэж нэрлэж болно.

ТУНА Менторшип хөтөлбөрт хамрагдах

Хойд Америкийн Цахим Өртөөнөөс Менторшипийн цахим төв ажиллуулна. Цахим Өртөө үүсэн байгуулагдсан цагаасаа цахим хэлбэрт суурилж, онлайн орчны олон давуу талыг зөвөөр хэрэглэн ашиг тусыг хүртдэг. Энэ замаараа бид дахин ажиллана. Онлайн төвөөр дамжуулан үндсэн гурван үйлдэл байх юм:

  • зөвлөх хайх;
  • зөвлөх болох;
  • шавь болох.

Тус төвөөр хэрэгжих бүх шатны үйл ажиллагаа бүрэн сайн дурын үндсэн дээр явагдана, ямар нэг оноосон, томилсон, хүчээр тулгасан асуудал үүсгэхгүй. Хэн нэгэнд өөрийн чадвар, боломжоо хөгжүүлэх хэрэгцээ гарсан, хүсэл төрсөн бол манай онлайн төвд хандаж өөрөө хүсэлт гаргана. Хүсэлтээ онлайнаар илгээх бөгөөд үүндээ чухам юуг ямар зүйлийг хөгжүүлэх сонирхол байгаа, түүгээрээ юунд хүрч ирээдүйд юу бүтээх мөрөөдөл байгаа гэх мэт өөрийгөө таниулах чигийн 2-3 асуултад эссэ маягаар хариулан бичнэ.

Хүсэлт гаргах

Хүсэлтийг бид зөвлөх нартаа хүргэнэ. Зөвлөхөд хүсэлтэд буй хариултуудыг үзээд хэрхэн тусалж, зөвлөж, хэрхэн хамтарч ажиллаж болох ямар мэдлэг, туршлага дамжуулахад шавь суралцаж хөгжингөө зөвлөхөд хэрхэн тусалж болохыг тогтооно. Жишээ нь, мастер зэрэг горилж сурч буй оюутан цаашдаа академик чиглэлээр үргэлжлүүлэн суралцах зорилготой байгаад их сургуулийн профессороос мэргэжлийн зөвлөгөө, судалгааны арга барил сурч авахыг хүсэж болно. Ингээд зорилго, мөрөөдөл, хүсэлт хэрэгцээгээ илэрхийлсэн хариулт бүхий хүсэлтээ илгээнэ. зөвлөх сонгон авсан тухайн шавиа дагалдуулан ажиллангаа судалгааны материал цуглуулах, анализ хийх зэрэг ажилд оролцуулбал зөвлөх шавьдаа, шавь нь багшид харилцан тусалж, хамтарч буй хэрэг болно. Академик жишээ энд авлаа, түүнээс манай ажлын хүрээнд айтигийн болон бусад төрлийн ажилтнуудын менторшип харьцаанд байдаг механизм.

Зөвлөх болох

Зөвлөх болон асуудал мөн сайн дурын үндсэн дээр. Зөвлөх болох хүсэлт ТУНА-д гаргана, өөрийн мэдлэг туршлагаа илэрхийлж ямар чигээр зөвлөх боломж буйгаа илэрхийлнэ. Шавиа өөрөө сонгоно.

Шавь болох

Шавь болох ажил өмнө өгүүлсэн хүсэлтээр эхэлнэ. Тухайн хүсэлт хэд хэдэн зөвлөхийн анхаарал татаж чадсан бол хүсэл гаргагч зөвлөх нараас нэгийг нь өөрөө сонгоно.

Тодруулахад ТУНА зүгээс шууд оноон тохоохгүй, томилохгүй. Бүх үйл ажиллагаа зөвхөн сайн дурын үндсэн дээр явагдана.

ТУНА Менторшипийн төрлүүд

Хэрэгцээ шаардлагаас хамаараад зөвлөх шавийн харилцааны дараах төрлүүд байна:

  • Principle Mentoring – удирдах шатны зөвлөгөө,
  • Career – мэргэжлийн зөвлөгөө,
  • Expert – нарийн мэргэшсэн зөвлөгөө,
  • Social Mentoring – сошиал зөвлөгөө,
  • Inverse Mentoring – урвуу зөвлөгөө.

Удирдах шатны зөвлөгөө – ТУНА болон бусад байгууллагуудын шийдвэр гаргах мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр, стратегийн чиглэлийг хамарна.

Мэргэжлийн зөвлөгөө – мэргэжил, ажлын байрандаа өсөх чиглэлд тусалж чадах туршлага мэдлэг бүхий хүмүүсийг өөрийн коммунити дотроос олж холбон ажлын байр, мэргэжилдээ дэвшихэд зөвлөхөөс эхлээд боломжид арга замууд бүхий төлөвлөгөө гаргах хүртэл өргөн хүрээнд тусална.

Нарийн мэргэшсэн зөвлөгөө – мэргэжлийн төрөлжсөн танилын хүрээг өргөжүүлэх замаар тодорхой чиглэлээр өсөх хөгжих зорилгод тусална.

Сошиал зөвлөгөө – үндсэндээ үүнийг өөрийн чинь өмнө зогсох хүн бүр хэрэгжүүлж чадаж магад. Найзлах, нөхөрлөх, шинэ танилтай болохоос эхлээд шинэ байгууллага хүрээллийн үүд татаж өгөх болон ажлын туршлага, практикийн чиглэл олж авах, шинэ төхөөрөмж, арга барил, технологитой танилцах гээд өргөн хүрээнд холбогдоно.

Урвуу зөвлөгөө – коммунитид орж ирж буй шинэ гишүүдээс шийдвэр гаргах төвшний хууччуул суралцах чиг үүнд хамрагдана. Сүүлийн үед шинээр бизнесийн болон олон нийтийн байгууллагад өргөн хэрэглэгдэж буй арга бол энэ. Орчин цагийн технологи, шинэ хандлага, хамтрах шинэлэг сэтгэлгээ зэргээр шинэ үеийнхэнтэй шийдвэр гаргагчид мөр зэрэгцэн биеэ биеэсээ суралцах их өгөөжтэй.